Сургаалт үгс 5:1–23

  • Завхай эмээс сэрэмжлүүлсэн нь (1-14)

  • Эхнэртэйгээ жарга (15-23)

5  Хүү минь, мэргэн үгийг минь анхаар. Ухааран ялгах чадвартай болохын тулд намайг сайн сонс.  2  Тэгвэл чи нухацтай боддог болно. Ямагт үнэн зөв мэдлэгийн дагуу ярина.  3  Завхай* эмийн үг зөгийн бал мэт. Яриа нь тосноос ч ялдам.  4  Гэвч эцэст нь тэр чамд агь мэт гашуун,Хоёр талдаа иртэй илд мэт хурц болно.  5  Хөл нь үхлийн замаар уруудаж,Алхаа нь шууд л Булш* руу чиглэдэг.  6  Тэрбээр амийн замыг бодохыг ч хүсдэггүй. Хаашаа яваагаа үл мэдэн харсан зүг рүүгээ тэнүүчилдэг.  7  Хөвгүүд минь, намайг сонс. Үг хэлж байхад чихнийхээ хажуугаар бүү өнгөрөө.  8  Тэр эмээс хол яв. Гэрийнх нь үүдэнд ч бүү ойрт.  9  Тэгвэл чи нэр хүндээ алдахгүй. Насаараа зовохгүй. 10  Эд хөрөнгө* чинь танихгүй хүний гарт үрэгдэхгүй. Хөдөлмөрлөж олсон бүхэн чинь харийн хүний гэрт хүргэгдэхгүй. 11  Харин намайг сонсохгүй бол чадал чинь харьж, бие чинь муудахын цагт,Насныхаа эцэст чи гаслан халаглах болно. 12  Тэгээд чи ингэж хэлнэ. «Би сахилга батыг* юунд үзэн яддаг байв аа! Зэмлэж хэлсэн үгэнд яах гэж дургүйцдэг байв аа! 13  Зааварлагчдынхаа үгийг сонсож байсангүй. Багш нарынхаа зөвлөгөөг анхаарч байсангүй. 14  Би Бурхныг шүтэхээр цугласан бүхний нүдэн дээр,Сүйрлийн ирмэгт тулчхаад байна». 15  Нөөцлүүрийнхээ уснаас уу. Худгийнхаа цэвэр* уснаас хүрт. 16  Булгийн чинь ус гудамжаар нэг урсах ёстой гэж үү? Горхины чинь ус талбайгаар нэг тарах ёстой гэж үү? 17  Үүнийг чи ганцаараа хүрт. Үл таних хүмүүстэй бүү хуваалц. 18  Булгийн чинь ундарга ивээгдэг. Залуу насандаа гэрлэсэн эхнэртэйгээ жаргаж амьдар. 19  Тэрбээр энхрийхэн согоо, гоолигхон янгир билээ. Эхнэрийн чинь хөх чамд үргэлж таашаал өгөх болтугай. Энхрий хайранд нь чи эгнэгт татагдах болтугай. 20  Хүү минь чи завхай* эмд эзэмдүүлж,Садар* эмийн цээжийг тэврэх ямар хэрэгтэй юм бэ? 21  Ехова хүний үйлсийг хардаг. Бүх явдал мөрийг нь шалгадаг. 22  Муу хүн алдаандаа урхидуулж,Нүглийнхээ занганд орно. 23  Тэрбээр мунхгаасаа болж замаасаа гаран,Сахилга батын арга хэмжээг* үл тоомсорлосноос болж үхнэ.

Зүүлт

Үгч. «Үл таних». Сур. 2:16-г үзнэ үү.
Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
Эсвэл «Хүч чадал»
Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.
Эсвэл «урсгал»
Үгч. «үл таних». Сур. 2:16-г үзнэ үү.
Үгч. «Харь». Сур. 2:16-г үзнэ үү.
Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.