Сургаалт үгс 1:1–33

  • Сургаал үгийн зорилго (1-7)

  • Муу хүмүүстэй нөхөрлөхийн аюул (8-19)

  • Жинхэнэ мэргэн ухаан хүмүүс рүү хашхирсан нь (20-33)

1  Давидын хүү, Израйлын хаан Соломоны сургаал үг нь:  2  Мэргэн ухаан өгч, сурган хүмүүжүүлж*,Гүн утгатай үгсийг ойлгуулна.  3  Үг* авч хэрсүүжихэд,Зөвийг ухаарч*, шударга ёсыг ойлгон*, зарчимч* болоход тустай.  4  Гэнэн хүнийг хэрсүү,Залуу хүнийг мэдлэгтэй, эргэцүүлж боддог болгоно.  5  Мэргэн хүн сонсоод илүү ихийг мэдэж авна. Ухаарч ойлгодог хүн мэргэн зөвлөгөө* авна.  6  Ингэснээр сургаал үг, тааврыг* ойлгож,Мэргэдийн үгс, оньсогыг тайлна.  7  Еховагаас эмээх* нь мэдлэгийн эхлэл юм. Гагцхүү мунхаг хүн мэргэн ухаан, сахилга батын арга хэмжээг* жигшдэг.  8  Хүү минь, эцгийнхээ захиасыг* сонс. Эхийнхээ зөвлөгөөг* бүү үл тоомсорло.  9  Тэдгээр нь чиний толгой дээрх цэцгэн титэм,Хүзүүний чинь гоёмсог зүүлт юм. 10  Хүү минь, нүгэлтнүүд чамайг уруу татах гэвэл бүү зөвшөөр. 11  Хэрэв тэд: «Хамт явъя. Хүн алахаар отон хүлээе. Нуугдан хэвтэж байгаад гэмгүй хүнийг хүлээе. 12  Булш* хүнийг залгидаг шиг тэднийг амьдаар нь залгия. Нүхэнд булшлагдсан хүмүүсээс өөрцгүй тэднийг бүхлээр нь залгия. 13  Хамаг үнэт эрдэнэсийг нь булаан авъя. Гэр орноо олзоор дүүргэе. 14  Чи бидэнтэй нийл*. Хулгайлсан юмаа бүгдээрээ тэнцүү хуваая*» гэж хэлбэл 15  Хүү минь, тэднийг бүү дага. Тэдний замаар бүү яв. 16  Учир нь тэд* мууг үйлдэх гэж хурдан гүйдэг. Хүн алах гэж яардаг. 17  Шувуунд харуулж байгаад тор хаявал ямар ч нэмэргүй. 18  Тэд хүн алахаар бүгж,Бусдын амийг хороохоор нуугдан хэвтдэг нь ийм учиртай. 19  Энэ бол шударга бус ашиг хайгчдын үйл хэрэг юм. Олсон ашиг нь тэдний амийг авч одно. 20  Жинхэнэ мэргэн ухаан гадаа хашхирч байна. Гудамж талбайд дуу нь чанга сонсогдож байна. 21  Хөл ихтэй гудамжны мухарт хашхирч,Хотын хаалган дээр тэр ийн ярьдаг. 22  «Гэнэн хүмүүс ээ, та нар хэдий болтол гэнэн явдалдаа дурлах юм бэ? Элэглэн дооглогчид оо, та нар хэдий болтол элэглэн дооглож бах таваа хангах юм бэ? Мунхаг хүмүүс ээ, та нар хэдий болтол мэдлэгийг үзэн ядах юм бэ? 23  Зэмлэхэд минь засарч өөрчлөгд. Тэгвэл би та нарт мэргэн ухааны хүчийг өгнө. Би та нарт бодлоо илчилнэ. 24  Би дуудсан боловч та нар сонсоогүй. Би гараа сунгасан боловч хэн ч анхаараагүй. 25  Та нар зөвлөгөөг минь дагаагүй. Зэмлэхэд минь тоогоогүй. 26  Тиймээс та нар дээр гамшиг буухад би ч бас инээнэ. Айж байсан юм чинь тохиолдоход би ч бас шоолно. 27  Тэр үед та нарын айж байсан юм шуурга мэт ирнэ. Гай гамшиг та нар дээр хуй салхи мэт бууна. Зовлон бэрхшээл та нарт учирна. 28  Тэгэхэд тэд намайг хэчнээн дуудсан ч би хариулахгүй. Намайг шаргуу хайгаад ч олохгүй. 29  Учир нь тэд мэдлэгийг үзэн ядсан. Еховагаас эмээгээгүй. 30  Та нар зөвлөгөөг минь дагаагүй. Зэмлэхэд минь тоогоогүй. 31  Тиймээс тэд үйлсийнхээ үр дагаврыг амсана. Тэдний хорон төлөвлөгөө* гэдсийг нь дүүргэнэ. 32  Учир нь гэнэн хүн зөрүүд зангаасаа болж үхнэ. Мунхаг хүн тоомжиргүйгээсээ болж устгагдана. 33  Харин намайг сонсдог хүн аюулгүй амьдарч,Гамшгаас айхгүй аж төрнө».

Зүүлт

Эх еврей үг нь өргөн утгатай бөгөөд сахилга бат, сахилга батын арга хэмжээ авах, үг, сургаал, заавар, захиас, захиж хэлэх, хүмүүжил, хүмүүжүүлэх, алдааг засах, ятгалга, ятгах, уриалах, шийтгэл, шийтгэх, зөвлөгөө, зөвлөх гэх мэтээр орчуулж болдог.
Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.
Эсвэл «Зөв шударга болж»
Эсвэл «шударга шүүдэг»
Эсвэл «шулуун шударга»
Эсвэл «уран жолоодлого; чамбай удирдлага»
Эсвэл «ёгт үлгэрийг»
Эсвэл «Еховаг бишрэн хүндлэх»
Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.
Су 1:2-ын зүүлтийг үзнэ үү.
Эсвэл «хуулийг»
Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
Эсвэл «Хамт шавга хаяцгаая»
Эсвэл «Мөнгөний хүүдийг дундаа хэрэглэе»
Үгч. «тэдний хөл»
Эсвэл «заль мэх; зөвлөгөө»