Ромчуудад бичсэн захидал 1:1–32
1 Христ Есүсийн боол Паул би бичиж байна. Бурхны сайн мэдээг тунхаглуулахаар тэрээр намайг элч болгон томилсон.
2 Энэ сайн мэдээг Бурхан зөнчдөөрөө дамжуулан ариун Сударт бичүүлж эртнээс тунхагласан билээ.
3 Сайн мэдээ Хүүгийнх нь тухай юм. Хүн болж төрсөн тэрээр Давидын үр удам бөгөөд
4 Бурхан түүнийг агуу хүчээрээ амилуулж Хүүгээ гэж баталсан. (Тэр Хүү бол Эзэн Есүс Христ билээ.
5 Тэрээр биднийг энэрч, элчээр томилсон нь бүх үндэстэн итгэж, дуулгавартай байн, нэрийг нь алдаршуулаасай гэснийх юм.
6 Та нар бас тэр үндэстнүүдийн нэг бөгөөд Бурхан та нарыг Христийн дагалдагч болгохоор сонгосон).
7 Бурхны хайрладаг, ариун хүмүүс байхаар сонгогдсон Ром дахь бүх хүнд энэ захидлыг бичлээ.
Бидний Бурхан Эцэг, Эзэн Есүс Христ та нарыг энэрэн нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай.
8 Юуны түрүүнд, та бүхний төлөө Есүс Христийн нэрээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Учир нь та нарын итгэлийн талаар газар сайгүй ярьцгаадаг.
9 Залбирах бүрдээ та нарыг дурсдагийг минь Бурхан гэрчилнэ. Би Хүүгийнх нь тухай сайн мэдээг тунхаглахын тулд Бурхандаа чин сэтгэлээсээ* үйлчилдэг.
10 Хэрэв таалалд нь нийцэж байвал та нар луу очих боломж олгохыг би Бурхнаасаа гуйж байна.
11 Учир нь би Бурхны өгсөн бэлгийг хуваалцаж, итгэлийг тань батжуулах зорилгоор та нартайгаа уулзахын хүслэн болж явна.
12 Энэ нь би та нарын, та нар миний итгэлээр урамшин зоригжихын тулд юм.
13 Ах дүү нар аа, би бусад үндэстнийг Христийн дагалдагч болоход тусалсан шигээ танай тэндхийн хүмүүст туслахын тулд та нар луу очих гэж олон удаа оролдсоноо хэлэх хэрэгтэй гэж бодлоо. (Гэвч одоо болтол саад тотгор учирсаар байна).
14 Грекчүүд, харийнхан, мэргэн цэцэн, мунхаг харанхуй хүмүүсийн хэн хэнд нь би өртэй.
15 Тиймээс би Ромд суудаг та бүхэнд сайн мэдээ тунхаглахыг маш их хүсэж байна.
16 Учир нь сайн мэдээ бол Бурхны хүчний илрэл бөгөөд итгэдэг бүх хүнийг, эхлээд иудейчүүдийг, тэгээд грекчүүдийг аварна. Тиймээс би сайн мэдээ тунхаглахаасаа ичиж зовдоггүй.
17 Итгэдэг хүн нь Бурхан шударга гэдгийг сайн мэдээний ачаар ухаардаг бөгөөд итгэл нь улам бүр батаждаг. «Шударга сайн хүн итгэлийнхээ дагуу амьдарна» гэж бичигдсэн байдаг.
18 Тэнгэрийн Бурхан өөрт нь дуулгаваргүй бөгөөд таалалд нь нийцүүлдэггүй хүмүүст уурлан хилэгнэж байгаа нь илэрхий байна. Учир нь тэд үнэнийг нуун дарагдуулахын тулд муу юм хийдэг.
19 Уг нь, Бурхан өөрийгөө тэдэнд мэдүүлэхийн тулд хангалттай ихийг илчилсэн билээ.
20 Бурхан харагддаггүй нь үнэн. Гэхдээ Бурхан ертөнцийг бүтээснээс хойш түүний зан чанар илэрхий болсон. Өөрөөр хэлбэл, Бурхан мөн гэдэг нь ч, мөнхийн хүч нь ч бүтээлээс тодорхой харагддаг. Тиймээс тэднийг зөвтгөх аргагүй.
21 Учир нь тэд Бурхныг мэдэж байсан хэр нь түүнийг Бурхан хэмээн алдаршуулаагүй, түүнд талархаагүй. Харин ч мунхарч, сэтгэл нь хатуурчээ.
22 Тэд өөрсдийгөө мэргэн гэдэг ч мунхаг болсон бөгөөд
23 мөнхийн Бурхныг алдаршуулахын оронд мөнх бус хүн, жигүүртэн шувуу, дөрвөн хөлт болон хэвлээр явагч амьтдын дүрсийг алдаршуулсан.
24 Тиймээс өөрсдөө хүссэн болохоор нь цэвэр бус, өөрсдийгөө гутаах юм хийдэг тэднийг Бурхан зөнд нь орхисон.
25 Тэд Бурхны тухай үнэнд бус, худал хуурмагт итгэж, Бүтээгчийг бус, бүтээлийг хүндэтгэн шүтжээ. Бүтээгч үүрд магтагдах ёстой. Амен.
26 Тийм болохоор хүсэл тачаалдаа захирагддаг тэднийг Бурхан зөнд нь орхисон. Учир нь эмэгтэйчүүд нь жам ёсны бэлгийн харьцааг жам ёсны бус болгосон.
27 Эрчүүд нь ч жам ёсны бэлгийн харьцааг орхиод нэг нэгэндээ тэмүүлэн шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, хийсэн хэрэгтээ тохирсон шийтгэл хүлээж байна.
28 Тэд өөрийг нь үнэн зөвөөр таньж мэдье гэж хүсээгүй учир Бурхан ч тэднийг буруу бодолтой нь орхисон бөгөөд тэд зохисгүй юм хийдэг.
29 Тэд аливаа муу муухай, хорон муу, шунал, бузар булай, атаа жөтөө, аллага, хэрүүл тэмцэл, заль мэх, хар санаагаар дүүрэн байдаг. Бас хов жив ярьдаг,
30 гүтгэн муулдаг, Бурхныг үзэн яддаг, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг сэддэг, эцэг эхдээ дуулгаваргүй,
31 ухваргүй, амласнаа биелүүлдэггүй, хүнийг хайрладаггүй, өршөөж энэрдэггүй хүмүүс юм.
32 Эдгээрийг үйлдэгч нь үхвэл зохистой гэсэн шударга Бурхны тушаалыг тэд сайн мэддэг хэр нь өөрсдөө үйлддэг төдийгүй үйлддэг хүмүүсийг сайшаадаг.
Зүүлт
^ Грекээр «пневма». Үгийн тайлбараас «Хүч»-ийг үзнэ үү.