Маркийн бичсэн сайн мэдээ 9:1–50

  • Есүс хувирч өөрчлөгдөв (1-13)

  • Чөтгөр шүглэсэн хүүг эдгээв (14-29)

    • Итгэдэг хүнд бол бүх юм боломжтой (23)

  • Есүс үхэхээ дахиад хэлэв (30-32)

  • Хэн нь агуу вэ гэж шавь нар маргав (33-37)

  • Биднийг эсэргүүцдэггүй хүн бидний талд (38-41)

  • Нүгэл үйлдүүлсэн бол (42-48)

  • «Амтаа алдаагүй давс шиг бай» (49, 50)

9  Үүнээс гадна, Есүс тэдэнд «Бурхны Хаант төр агуу хүчтэйгээр захирч эхлэхийг үзтэлээ энд байгаа зарим хүн үхэхгүйг би батлан хэ⁠лье» гэжээ.  2  Зургаан өдрийн дараа Петр Ёохан Яаков гурвыг дагуулан Есүс өндөр ууланд гарчээ. Тэгээд тэднийг харж байхад хувирч өөрчлөгдөв.  3  Хувцас нь гялалзсан цагаан өнгөтэй болов. Ямар ч цайруулагч тийм цагаан болгож чадахгүй ажээ.  4  Мөн Елиа Мосе хоёр Есүстэй ярилцаж байгаа харагдав.  5  Тэгэхэд Петр: «Рабби*, бид энд байгаа нь сайн хэрэг боллоо. Танд, Мосед, Елиад нэг нэг майхан барьж өгье» гэж хэлэв.  6  Петр яахаа ч мэдэхгүй байв. Учир нь шавь нар их айсан байлаа.  7  Тэгтэл үүл гарч тэднийг бүрхлээ. Үүлнээс «Энэ бол миний хайртай Хүү. Түүний үгийг дагаж байгтун» гэх дуу гарав.  8  Шавь нар эргэн тойрноо хартал Есүсээс өөр хэн ч байсангүй. 9  Юу үзсэнээ хүний Хүүг амилтал хэнд ч хэлж болохгүйг Есүс уулнаас бууж явахдаа шавь нартаа чандлан захихад  10  тэд чин сэтгэлээсээ хүлээн авчээ*. Гэхдээ амилна хэмээсэн нь юу гэсэн үг болохыг хоорондоо ярилцав.  11  Тэгээд Есүсээс «Яагаад хуулийн багш нар эхлээд Елиа ирэх ёстой гэдэг юм бэ?» гэж асууж эхлэв.  12  Есүс: «Елиа эхэлж ирээд бүхнийг сэргээнэ. Тэгвэл хүний Хүү их зовж, зүхэгдэнэ гэж бичсэн нь ямар учиртай вэ?  13  Үнэндээ, Елиа ирсэн бөгөөд тэд түүнд хүссэнээрээ хандсан. Энэ талаар Ариун Сударт бичсэн байдаг» хэмээжээ. 14  Есүс гурван шавьтайгаа хамт бусад шавь руугаа буцаж ирэхэд олон хүн тэднийг тойроод зогсчихсон байлаа. Хуулийн багш нар шавь нартай нь маргалдаж байв.  15  Хүмүүс Есүсийг хармагцаа гайхаж түүнтэй мэндлэхээр гүйлдлээ.  16  Есүс тэднээс «Та нар юуны талаар маргалдаа вэ?» гэж асуухад  17  нэг хүн: «Багш аа, би хүүгээ тан руу авчирсан юм. Хэлгүй болгодог чөтгөр хүүд минь шүглэсэн.  18  Чөтгөр хүүг минь зовоохоороо газар шиддэг. Тэгэхэд амнаас нь хөөс цахарч, шүдээ хавирч, тамир тэнхээгүй болдог. Чөтгөрийг нь зайлуулахыг таны шавь нараас гуйсан боловч тэд чадсангүй» гэжээ.  19  Есүс: «Энэ үеийнхэн яасан итгэдэггүй юм бэ! Хэдий болтол би та нартай хамт байх ёстой юм бэ? Та нарыг хэр удаан тэвчих болж байна вэ? Хүүг нааш нь аваад ир» гэж хэлэв.  20  Түүнийг авчрахад чөтгөр Есүсийг хараад хүүг татвалзуулж газар унагав. Хүү амнаасаа хөөс цахруулан хөлбөрч байлаа.  21  Есүс эцгээс нь «Ийм болоод хэр удаж байна?» гэж асуухад «Багаасаа л ийм байсан.  22  Чөтгөр хүүг минь алах гэж гал, усанд байнга унагадаг байсан. Та ямар нэг юм хийж чадах бол биднийг өрөвдөж туслаач» гэжээ.  23  Есүс түүнд «“Та чадах бол” гэв үү? Итгэдэг хүнд бол бүх юм боломжтой» гэхэд  24  хүүхдийн эцэг тэр даруй «Би итгэж байна! Илүү бат итгэлтэй болоход минь туслаач!» гэж хашхирчээ. 25  Өөр лүү нь яаран ирж буй хүмүүсийг Есүс анзаараад чөтгөрийг зэмлэж «Хэлгүй, дүлий болгодог чөтгөр өө, би чамд тушааж байна. Хүүгээс гар! Дахиж бүү ор!» гэжээ.  26  Чөтгөр чангаар орилж, хүүхдийг татвалзуулж байгаад гарлаа. Хүүхэд үхсэн мэт болоход тэнд байсан хүмүүсийн ихэнх нь: «Хүү үхчихлээ!» гэлцэв.  27  Харин Есүс хүүхдийг гараас нь татаж өндийлгөхөд босоод зогсов.  28  Есүсийг айлд орохоор нь шавь нар түүнээс «Бид яагаад зайлуулж чадаагүй юм бол?» гэж аминчлан асуухад  29  Есүс: «Ийм төрлийн чөтгөрийг залбирч байж л зайлуулдаг юм» гэжээ. 30  Тэд тэндээс гарч Галилаар явав. Гэхдээ Есүс энэ талаар хэнд ч мэдэгдэхгүй байхыг хүсэж байлаа.  31  Учир нь Есүс: «Хүний Хүү урвагчаас болж дайснуудын гарт орох ёстой юм. Дайснууд түүнийг алж, гурав дахь өдөр нь Бурхан амилуулна» гэж хэлж шавь нараа сургаж байлаа.  32  Гэвч шавь нар хэлснийг нь ойлгоогүй бөгөөд учрыг нь асуухаас айж байв. 33  Тэд Капернаумд ирлээ. Айлд байхдаа Есүс шавь нараасаа «Та нар замдаа юун тухай маргалдаад байсан бэ?» гэж асуухад  34  тэд юу ч дуугарсангүй. Учир нь тэд хэн нь хамгийн агуу болох талаар зам зуур маргалдаж байв.  35  Есүс суугаад 12 элчээ дуудаж «Агуу болохыг хүсдэг хэн боловч хамгийн өчүүхэн нь болж, бүгдэд үйлчлэх ёстой» гэлээ.  36  Тэгээд нэгэн балчир хүүхдийг дуудаж ирүүлээд дунд нь зогсоов. Есүс хүүхдийг тэврээд  37  «Миний төлөө* ийм хүүхдийг хүлээж авсан хэн боловч намайг хүлээж авсан хэрэг. Намайг хүлээж авсан хэн боловч намайг илгээсэн Нэгнийг мөн хүлээж авсан хэрэг» хэмээв. 38  Ёохан: «Багш аа, нэг хүн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байхыг бид хараад саад хийхийг оролдлоо. Тэр хүн биднийг дагадаггүй шүү дээ» гэж хэлэхэд  39  Есүс: «Тэгэх хэрэггүй. Яагаад гэвэл миний нэрээр гайхамшиг үйлдэх хэн ч тэр дороо миний тухай муу юм ярьж чадахгүй.  40  Биднийг эсэргүүцдэггүй хэн боловч бидний талд байгаа хэрэг.  41  Та нарыг Христийн дагалдагч гэж үзээд аяга ус өгөх хэн боловч шагналаа алдахгүй гэдгийг батлан хэлье.  42  Харин надад итгэдэг балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэгээр нүгэл үйлдүүлсэн* хүний хувьд илжигний эргүүлдэг тээрмийн чулууг хүзүүнээсээ уяад тэнгист хаягдсан нь дээр. 43  Хэрэв гараасаа болж нүгэл үйлдвэл тасдаж хая. Унтаршгүй галтай Гехеннад* хоёр гартайгаа хаягдсанаас нэг гартайгаа амьд үлдэх нь дээр.  44  —* 45  Хэрэв хөлөөсөө болж нүгэл үйлдвэл тасдаж хая. Гехеннад* хоёр хөлтэйгөө хаягдсанаас нэг хөлтэйгөө амьд үлдэх нь дээр.  46  —* 47  Хэрэв нүднээсээ болж нүгэл үйлдвэл ухаж аваад хая. Хоёр нүдтэйгээ Гехеннад* хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээ Бурхны Хаант төрд орох нь дээр.  48  Гехеннагийн* өт хорхой үхдэггүй, гал унтардаггүй. 49  Учир нь хүн* бүр галаар давслагдана*.  50  Давс бас ашигтай. Харин амтаа алдвал дахин яаж давслаг болгох билээ? Та нар амтаа алдаагүй давс шиг бай. Ингэвэл бие биетэйгээ эвтэй байна» гэж өгүүлэв.

Зүүлт

Орч. «Багш»
Эсвэл «энэ явдлыг нууцлан хадгалжээ»
Эсвэл «Миний нэрээр»
Үгч. «хүмүүсийн нэгийг бүдрүүлсэн»
Мт 5:22-ын хоёр дахь зүүлтийг үзнэ үү.
Мт 17:21-ийн зүүлтийг үзнэ үү.
Мт 5:22-ын хоёр дахь зүүлтийг үзнэ үү.
Мт 17:21-ийн зүүлтийг үзнэ үү.
Мт 5:22-ын хоёр дахь зүүлтийг үзнэ үү.
Мт 5:22-ын хоёр дахь зүүлтийг үзнэ үү.
Өөрөөр хэлбэл, Гехеннад хаягдсан хүн
47-р зүйлд дурдсан Гехеннад устгахыг хэлсэн хэрэг.