Исаиа 37:1–38
37 Хезекиа хаан үүнийг сонсмогцоо хувцсаа урж таар нөмрөн Еховагийн өргөөнд оров.
2 Тэгээд ордны даамал Елиаким, бичээч Шебна, тахилчдын ахлагч нарт таар нөмөргөн Амозын хүү, зөнч Исаиа руу явууллаа.
3 Тэд Исаиад «Хезекиа ингэж хэлүүлж байна. “Энэ өдөр бол зовлон, зэмлэл*, гутамшгийн өдөр. Хүүхэд нь төрөх дөхсөн ч төрүүлэх чадалгүй эхтэй бид адил байна.
4 Амьд Бурхныг доромжлохоор Ассирийн хааны тушаалаар ирсэн ахлах сөнчийн* үгийг таны Бурхан Ехова сонсох биз ээ. Таны Бурхан Ехова тэр үгийг сонсоод түүнтэй тооцоо бодох нь лавтай. Тиймээс амьд үлдсэн хүмүүсийн төлөө залбирч өгөөч” гэсэн» гэлээ.
5 Хезекиа хааны албатуудыг ингэж хэлэхэд
6 Исаиа тэдэнд «Та нар эзэндээ ингэж хэл. “Ехова ийн айлдаж байна. «Ассирийн хааны албатууд намайг хэл амаар доромжилсноос болж бүү сүрд. Тэдний хэлсэн бүхнээс битгий ай.
7 Би түүнд нэг бодол төрүүлнэ. Тэрбээр нэгэн мэдээ сонсоод нутаг буцна. Би түүнийг нутагт нь илдээр хөнөөлгөнө»” гээрэй» гэж хэлэв.
8 Ассирийн хаан цэргээ татан Лахишаас явсан байлаа. Ахлах сөнч үүнийг сонсоод хаан эзэн рүүгээ буцжээ. Тэгээд Либнаг эзлэхээр тулалдаж байхад нь олж очив.
9 Тэгтэл «Етиопын Тирхака хаан дайтахаар ирж явна» гэсэн мэдээ Ассирийн хааны сонорт хүрчээ. Хаан уг мэдээг сонсоод Хезекиа руу элч нараа дахин илгээн
10 «Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан: «Иерусалим хот Ассирийн хааны гарт орохгүй» гэж хэлбэл бүү мэхлэгд.
11 Ассирийн хаад бүх газар нутгийг хэрхэн сүйрүүлснийг чи сонссон. Тийн атал чи ганцаараа аврагдана гэж үү?
12 Миний эцэг өвгөдийн устгасан үндэстнүүдийг бурхад нь аварсан уу? Гозан, Харан, Резефийн хүмүүс хаана байна вэ? Телассарт байсан Едений ард түмэн хаана байна вэ?
13 Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваим, Хена, Ивва хотуудын хаад хаана байна вэ?”» гэж хэлүүлэв.
14 Хезекиа элч нарын гараас захидлуудыг авч уншлаа. Тэгээд Еховагийн өргөө рүү явж, тэдгээрийг Еховагийн өмнө дэлгэж тавив.
15 Хезекиа Еховад ийнхүү залбирлаа.
16 «Тэнгэрийн цэргийн жанжин, Израйлын Бурхан, херубүүдийн дээр* залрагч Ехова минь ээ, дэлхийн бүх хаант улсын жинхэнэ Бурхан нь ганцхан та билээ. Та тэнгэр, газрыг бүтээсэн.
17 Чих тавин сонсооч, Ехова минь! Мэлмийгээ нээгээд хараач, Ехова минь! Амьд Бурхныг доромжлохоор Сеннахерибын хэлүүлсэн энэ бүх үгийг сонсооч.
18 Ехова минь ээ, Ассирийн хаад бүх газар нутгийг, өөрийнхийгөө хүртэл сүйрүүлсэн нь үнэн.
19 Тэд бурхдыг нь галд хаясан. Тэдгээр нь бурхад биш, хүний гарын бүтээл, мод чулуу учраас л устгагдсан.
20 Харин одоо Ехова Бурхан минь ээ, биднийг түүний гараас авраач. Тэгвэл Ехова минь, дэлхийн бүх хаант улс ганцхан таныг Бурхан гэдгийг мэдэх болно шүү дээ» гэв.
21 Дараа нь Амозын хүү Исаиа Хезекиад энэ мэдээг илгээв. «Израйлын Бурхан Ехова ийн айлдаж байна. “Ассирийн хаан Сеннахерибын талаар чи надад залбирсан учир
22 Ехова би түүнд юу айлдах гэж байгааг сонс.
«Чамайг Сионы онгон охин* жигшин, шоолж байна.
Чамайг Иерусалимын охин хараад толгой сэгсэрч байна.
23 Чи хэнийг шоолж, доромжилно вэ?
Хэний өөдөөс дуугаа өндөрсгөнИхэмсгээр харна вэ?
Израйлын Ариун Нэгний өөдөөс!
24 Чи Ехова намайг доромжлон албатуудаараа хэлүүлэхдээ:
“Би асар олон дайны тэргээрээУулсын оргилд,Ливаны хязгаарт хүрнэ.
Өндөр хуш моддыг нь тайрч, шилмэл арц моддыг нь огтолно.
Хамгийн өндөр оргилд нь гарч, хамгийн өтгөн ой руу нь орно.
25 Би худгууд ухаж ус ууна.
Египетийн голуудыг* хөлөөрөө гишгэчин ширгээнэ” гэсэн.
26 Чи сонсоогүй юм уу?
Би эртнээс шийдсэн, урьдаас санаж зорьсон зүйлээОдоо хэрэгжүүлэх гэж байна.
Юу гэвэл, чи бэхлэгдсэн хотуудыг нурангин овоо болгоно.
27 Тэндхийн оршин суугчид хүчин мөхөстөнө.
Айдаст автаж, ичгэвтэр байдалд орно.
Тэд талын ургамал, хээрийн өвс шиг болно.
Дорнын салхинд хатсан дээврийн өвс шиг болно.
28 Би чамайг хэзээ сууж, хэзээ явж, хэзээ ирж,Хэзээ надад уурлан хилэгнэдгийг сайн мэднэ.
29 Учир нь уурлан хилэгнэж, орилж бархирч байгаа чинь миний сонорт хүрсэн.
Тиймээс би хамарт чинь дэгээ, аманд чинь хазаар хийж,Ирсэн замаар чинь буцаана».
30 Чамд* хэлсэн зүйл үнэн гэдгийн баталгаа нь ийм байх юм. Та нар энэ жил өөрөө ургасан үр тариаг иднэ. Хойтон жил бас тэр газраас ургасан үр тариаг иднэ. Харин гурав дахь жилдээ та нар үр суулган, ургац хурааж авна. Усан үзэм тариалж, жимсийг нь иднэ.
31 Зугтаж амьд үлдсэн Иудагийн ард олон үндэс сайтай, үр жимс ихтэй ургамал мэт болно.
32 Учир нь үлдэж хоцорсон хүмүүс Иерусалимаас, амьд үлдэгсэд Сион уулаас явна. Тэнгэрийн цэргийн жанжин Ехова би үүнийг хичээл зүтгэлтэй гүйцэтгэнэ.
33 Тиймээс Ехова би Ассирийн хааны тухай ийнхүү айлдаж байна.
«Тэрбээр энэ хотод ирэхгүй.
Нум сумаар ч харвахгүй.
Бамбай барин дайрахгүй.
Бүслэлтийн далан ч босгохгүй»”.
34 “Тэрбээр ирсэн замаараа буцна.
Энэ хот руу орж ирэхгүй” гэж Ехова би тунхаглаж байна.
35 Мөн “Би өөрийнхөө төлөө, зарц Давидынхаа төлөөЭнэ хотыг хамгаалж, аварна” гэж тунхаглаж байна» гэлээ.
36 Еховагийн тэнгэрийн элч Ассирийн хуаранд очиж тэнд байсан 185 000 хүнийг хиар цохив. Хүмүүс өглөө босоод хартал тэд бүгд үхсэн байлаа.
37 Дараа нь Ассирийн хаан Сеннахериб буцан явж Ниневед очоод тэндээ үлдэв.
38 Нэгэн удаа Нисрох бурхныхаа сүмд мөргөл үйлдэж байхад нь Адраммелех, Шарезер гэдэг хоёр хүү нь түүнийг илдээр хөнөөгөөд Арарат нутаг руу зугтжээ. Хүү Есар-хаддон нь түүний оронд хаан болов.
Зүүлт
^ Эсвэл «доромжлол»
^ Евр. «рабшаке»
^ Эсвэл «дунд» гэсэн бололтой.
^ «Сионы онгон охин», «Иерусалимын охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
^ Эсвэл «Нилийн сувгуудыг»
^ Хезекиаг хэлж байна.