Исаиа 22:1–25
22 Үзэгдлийн хөндийн* тухай тунхаглал.
Юу болсон бэ? Оршин суугчид чинь яагаад дээвэр дээр гарсан бэ?
2 Түм түжигнэж бум бужигнасан, хөөр баяслаар дүүрэн байсан хот чиҮймээн самуунд автжээ.
Алагдагсад чинь илдэнд үхээгүй,Тулалдаанд үрэгдээгүй.
3 Дарангуйлагчид чинь бүгдээрээ хамт зугтав.
Тэднийг олзлохын тулд нум сум харвах ч хэрэггүй байсан.
Тэд алс хол зугтсан чБаригдсан бүхэн нь хоригдол болов.
4 Тиймээс би ийн хэлэв. «Над руу битгий хар.
Би гашуунаар уйлна.
Миний ард түмний охин* устгагдсан учирНамайг тайвшруулах гэсний хэрэггүй.
5 Учир нь энэ бол Үзэгдлийн хөндийдХэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн учруулахТөөрөгдөл, ялагдал, айдсын өдөр юм.
Тэнд хана нурж,Хашхирах дуу ууланд хүрнэ.
6 Елам саадгаа авчТэрэгт цэрэг, морьт цэргээ аваад явав.
Кир бамбайгаа барив.
7 Хамгийн сайн хөндийнүүд чиньДайны тэрэгнүүдээр дүүрнэ.
Морьтнууд дааман хаалганы дэргэд байраа эзэлнэ.
8 Иуда хамгаалалтгүй болно.
Тэр өдөр та нар Ойн байшингийн зэвсэгт найдах болно.
9 Давидын хотын хэрэмд олон цөмөрхий гарахыг та нар харна. Та нар доод цөөрөмд ус нөөцөлнө.
10 Тэгээд Иерусалимын байшингуудыг тоолно. Мөн хотын хэрмийг бэхлэхийн тулд тэдгээр байшинг нураана.
11 Та нар хоёр хананы дунд усан сан хийж, хуучин цөөрмөөс ус юүлнэ. Гэвч та нар үүнийг бүтээсэн Агуу Нэгнийг анзаарахгүй, үүнийг аль эртнээс санаж зорьсон Нэгнийг харахгүй.
12 Уйлж гашуудахыг,Үсээ хусаж, таар нөмрөхийгТэр өдөр Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова та нараас шаардана.
13 Гэвч та нар баяр тэмдэглэж, баясан цэнгэдэг.
Үхэр төхөөрч, хонь нядалдаг.
Мах идэж, дарс уудаг.
“Бүгдээрээ маргааш үхэхээс хойш идэж ууцгаая” гэдэг».
14 Тэгтэл тэнгэрийн цэргийн жанжин Ехова: «“Та нарыг үхэн үхтэл нүгэл чинь цайрахгүй” гэж хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна» гэж надад хэлэв.
15 Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. «Ордны даамал, нярав Шебна руу очиж
16 “Энд чиний мэдлийн юм байна уу? Өөртөө булш бунхан хийх эрхийг хэн чамд өгөв?” гэж хэл. Тэрбээр оршуулах газраа толгод дээр ухаж байна. Өөрийнхөө булшийг хадан дунд бэлдэж байна.
17 “Хүн ээ, чамайг Ехова хайр найргүй чулуудаж, чанга зуурч авна.
18 Тэрбээр чамайг чанга ороож, уудам газарт бөмбөг мэт шиднэ. Тэнд чи үхэж, тансаг тэрэгнүүд чинь үлдэхэд эзний чинь гэр бүл гутамшиг болно.
19 Би чамайг албан тушаалаас чинь огцруулж, ажлын байрнаас чинь хөөнө.
20 Тэр өдөр би Хилкиагийн хүү, өөрийн зарц Елиакимыг дуудан,
21 түүнд чиний ёслолын хувцсыг өмсгөж, бүсийг чинь бүслэн, эрх мэдлийг чинь шилжүүлнэ. Тэрбээр Иерусалимын оршин суугчид болон Иудагийн ард түмэнд эцэг шиг нь болно.
22 Би Давидын гэрийн түлхүүрийг түүний мөрөн дээр тохно. Түүний нээсэн хаалгыг хэн ч хаахгүй, түүний хаасан хаалгыг хэн ч нээхгүй.
23 Би түүнийг бат бөх хананд сайтар хадсан хадаас мэт болгоно. Тэрбээр эцгийнхээ удам угсаанд алдрын сэнтий мэт болно.
24 Ганц хадааснаас жижиг сав суулга, хул аяга, том домбонуудыг бүгдийг нь өлгөдөг шиг, ганц түүнд эцгийнх нь удмын бүх алдар хүнд буюу үр хүүхэд, хойч үе нь найдна.
25 Тэр өдөр бат бөх хананд сайтар хадсан хадаасыг авна. Тэр хадаас хугарч унахад түүнээс өлгөсөн ачаа унан эвдэрч хэмхэрнэ. Учир нь Ехова би өөрөө үүнийг айлдсан юм” хэмээн тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна».