Исаиа 19:1–25
19 Египетийг шүүх тухай мэдээ.
Ехова үүл хөлөглөн Египет рүү хурдлан явж байна.
Египетийн ямар ч хэрэггүй бурхад түүнээс айн чичирнэ.
Египетчүүдийн зүрх үхнэ.
2 «Би египетчүүдийг өөрсдийнх нь эсрэг турхирна.
Тэд нэг нэгэнтэйгээ тулалдана.
Хүн бүр ах дүүтэйгээ, хөрштэйгөө тэмцэлдэнэ.
Хот нь хоттой, хаант улс нь хаант улстай байлдана.
3 Египетчүүд үймэлдэн сандарна.
Би тэдний төлөвлөгөөг будилаантуулна.
Тэд ямар ч хэрэггүй бурхдад хандана.
Шидтэн, сүнс дуудагч, мэргэч төлөгч нараас асууна.
4 Би Египетийг харгис эзний гарт,Догшин хааны мэдэлд өгнө» гэж жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.
5 Тэнгисийн ус хатна.
Голын ус ширгэнэ.
6 Гол мөрөн өмхийрч,Египет дэх Нилийн сувгууд гүехэн болж, ширгэнэ.
Зэгс, хулс нь ялзарна.
7 Нилийн аман дахь, Нил мөрний эрэг дагуух ургамал хатна.
Нилийн дагуух, үр суулгасан бүх газар хатна.
Тэр бүхэн салхинд хийсэж, үгүй болно.
8 Загасчид гашуудна.
Нил мөрөнд дэгээ шидэгчид энэлэн шанална.
Усан дээр тор хаягчид цөөрнө.
9 Маалинга боловсруулагчид,Цагаан даавуу нэхэгчид шившиг болно.
10 Нэхмэлчид нь цөхөрч,Хөлсний ажилчид нь гашуудна.
11 Зоаны ноёд мунхаг.
Фараоны хамгийн мэргэн зөвлөгчид нь буруу зөвлөгөө өгдөг.
Та нар фараонд өөрсдийгөө«Ухаант мэргэдийн үр сад,Эртний хаадын удам» гэж яаж хэлж чадаж байна аа?
12 Тэгвэл мэргэд чинь хаана байна вэ?
Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Египетэд юу хийхээр төлөвлөснийг тэд чамд хэлэг л дээ.
13 Зоаны ноёд мунхаг юм хийсэн.
Нофын* ноёд хууртсан.
Овгуудынх нь тэргүүнүүд Египетийг төөрөлдүүлсэн.
14 Ехова Египетийг самууруулж,Удирдагчид нь Египетийг бүрмөсөн төөрөлдүүлэв.
Египет бөөлжсөн дээрээ халтирдаг согтуу хүн шиг болов.
15 Дээдэс доодос*, агуу өчүүхэн* хэн боловчЕгипетийн төлөө юу ч хийж чадахгүй болно.
16 Тэр өдөр Египет тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн занаж далайсан мутраас айн чичирч, эмэгтэй хүн шиг болно.
17 Иудагийн нутаг Египетийг айдаст автуулна. Египетчүүд Иудагийн нэрийг сонсоод л айна. Учир нь тэнгэрийн цэргийн жанжин Ехова өөрсдийнх нь эсрэг шийдвэр гаргасан юм.
18 Тэр өдөр Египетийн таван хотынхон Канааны хэлээр* ярьж, тэнгэрийн цэргийн жанжин Еховад үнэнч байхаа тангараглана. Нэг хотыг нь Сүйрлийн хот гэж нэрлэнэ.
19 Тэр өдөр Египет нутгийн төвд Еховагийн тахилын ширээг, хил дээр нь Еховагийн хүндэтгэлийн баганыг босгоно.
20 Энэ нь Египет нутагт тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн тухай гэрчлэл, тэмдэг болно. Хүмүүс дарлагчдаас болж Ехова руу хашхирахад тэрбээр тэдэн рүү аврагчийг, агуу нэгнийг явуулна.
21 Ехова египетчүүдийн дунд алдаршина. Египетчүүд Еховаг тэр өдөр мэддэг болно. Тэд тахил өргөж, бэлэг барин, Еховад тангараглаж, түүнийгээ биелүүлнэ.
22 Ехова Египетийг шийтгэнэ. Шийтгээд эдгээнэ. Тэд Ехова руу буцаж ирнэ. Тэрбээр гуйлтыг нь сонсож, тэднийг эдгээнэ.
23 Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болно. Ассиричууд Египетэд, египетчүүд Ассирид очно. Египетчүүд ассиричуудтай хамт Бурханд үйлчилнэ.
24 Тэр өдөр Израйл нь Египет болон Ассиритай нэгдэж, дэлхийн төв дэх ивээл болно.
25 Учир нь тэнгэрийн цэргийн жанжин Ехова тэднийг ерөөж «Миний ард түмэн Египет, миний мутрын бүтээл Ассири, миний өмч Израйл ивээл хүртэнэ» гэж хэлнэ.
Зүүлт
^ Эсвэл «Мемфисийн»
^ Үгч. «Толгой, сүүл»
^ Үгч. «мөчир, хулс». Эсвэл «дал модны мөчир, зэгс» гэсэн бололтой.
^ Еврей хэлийг хэлжээ.