Ёоханд илчилсэн нь 21:1–27

  • Шинэ тэнгэр, шинэ газар (1-8)

    • Үхэл байхгүй болно (4)

    • Бүх юмыг шинээр хийх (5)

  • Шинэ Иерусалимын дүрслэл (9-27)

21  Тэгээд би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Өмнө байсан тэнгэр, газар, тэнгис үгүй болжээ.  2  Бурхнаас, тэнгэрээс бууж яваа ариун хот шинэ Иерусалимыг би харлаа. Тэр сүйт залуудаа очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдсэн байлаа.  3  Сэнтийнээс чанга дуу гарч ийн хэлэхийг би сонслоо. «Бурхны асар хүмүүсийн дунд байна! Тэрээр тэдний дунд нутаглаж, тэд ард түмэн нь болно. Бурхан тэдэнтэй хамт байна.  4  Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо». 5  Сэнтийд залрагч Нэгэн: «Би бүх юмыг шинээр хийж байна!» хэмээгээд «Бич. Учир нь энэ үг бол баталгаатай* бөгөөд үнэн» гэж айлдав.  6  Тэрээр надад «Энэ бүхэн биелсэн! Би бол Альфа ба Омега*, эхлэл ба төгсгөл. Би цангасан хүнд амь өгөх усны булгаас үнэгүй уулгана.  7  Ялсан нэгэн эдгээрийг өвлөнө. Би түүний Бурхан болж, тэрээр миний хүү болно.  8  Харин хулчгар, итгэдэггүй, бузар юм хийдэг жигшмээр хүмүүс, алуурчин, садарлан самуурагч*, ид шидээр хөөцөлдөгч, шүтээн шүтэгч болон худалч бүх хүнд оногдох хувь нь хүхэр бүхий галт нууранд байх юм. Энэ нь хоёр дахь үхэл гэсэн үг» гэв. 9  Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай долоон тэнгэрийн элчийн нэг нь ирээд надад «Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье» гэлээ.  10  Тэгээд тэр тэнгэрийн элч намайг Бурхны агуу хүчээр асар том, өндөр ууланд аваачаад Бурхнаас, тэнгэрээс бууж яваа ариун хот Иерусалимыг үзүүлэв.  11  Энэ хот Бурхны алдрыг тусгаж байлаа. Гялбаа нь хамгийн үнэтэй чулууных шиг, тунгалаг болор адил гялалзах хаш чулууных шиг байв.  12  Хот асар том, өндөр хэрэмтэй, 12 хаалгатай, тус бүрд нь тэнгэрийн элч зогссон бөгөөд хаалганууд дээр Израйлын хөвгүүдийн 12 овгийн нэр бичигдсэн байв.  13  Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх ажээ.  14  Хотын хэрэм 12 чулуун суурьтай бөгөөд тэдгээрийн дээр Хурганы 12 элчийн 12 нэр байлаа. 15  Надтай ярьж байсан тэнгэрийн элч хот болон хаалга, хэрмийг хэмжих гэж алтан саваа* барьсан байв.  16  Хот дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө тэнцүү. Хотыг саваагаар хэмжихэд 12 000 стадиа* байлаа. Урт, өргөн, өндөр нь тэнцүү ажээ.  17  Бас хэрмийг хэмжихэд 144 тохой* байлаа. Хүний хэмжүүрээр ч, тэнгэрийн элчийн хэмжүүрээр ч ийм байлаа.  18  Хэрмийг хаш чулуугаар хийсэн бөгөөд хот нь шил мэт тунгалаг шижир алт ажээ.  19  Хотын хэрмийн сууриудыг янз бүрийн эрдэнийн чулуугаар чимсэн байв. Эхний суурь нь хаш, хоёр дахь нь индранил, гурав дахь нь мана, дөрөв дахь нь маргад,  20  тав дахь нь судалт мана, зургаа дахь нь бадмаараг, долоо дахь нь алтан чулуу, найм дахь нь биндэрьяа, ес дэх нь молор, арав дахь нь ногоон мана, арван нэг дэх нь оюу, арван хоёр дахь нь ягаан болор байлаа.  21  Харин 12 хаалга нь 12 сувд ажээ. Хаалга бүрийг нэг цул сувдаар хийсэн байв. Хотын гол гудамж нь шил мэт тунгалаг шижир алт ажээ. 22  Би энэ хотод сүм байхыг харсангүй. Учир нь Төгс хүчит Ехова* Бурхан болон Хурга тэндхийн сүм юм.  23  Хотыг гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурхны алдар суу хотыг гэрэлтүүлдэг бөгөөд дэн нь Хурга юм.  24  Үндэстнүүд тэр гэрлээр явж, дэлхийн хаад сүр жавхлангаа хот руу авчирна.  25  Хотын хаалганууд өдөржин нээлттэй байх бөгөөд тэнд шөнө гэж үгүй.  26  Тэд үндэстнүүдийн сүр жавхлан, алдар хүндлэлийг энэ хот руу авчирна.  27  Гэхдээ ямар ч бузар юм хот руу яагаад ч орохгүй. Жигшүүрт юм хийдэг, хуурч мэхэлдэг ямар ч хүн хот руу яагаад ч орохгүй. Харин Хурганд байдаг амийн номонд бичигдсэн хүмүүс л орно.

Зүүлт

Эсвэл «итгэж болох»
Альфа нь грек цагаан толгойн эхний үсэг, Омега нь сүүлчийн үсэг.
Үгч. «хулс»
2 220 километр орчим. 1 стадиа нь 185 метртэй тэнцүү
64 метр орчим