Дуулал 89:1–52
Маскил*. Езра хүн Етаны дуу.
89 Еховагийн үнэнч хайрын тухай үүрд мөнхөд дуулъя.
Таны итгэмжит байдлын тухай үеийн үед ярья.
2 «Таны үнэнч хайр мөнхөд байна.
Та итгэмжит байдлаа тэнгэрт бат тогтоосон» гэж би хэлсэн.
3 Бурхан хэлэхдээ: «Би өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан.
Би өөрийн зарц Давидад ингэж тангарагласан.
4 “Би чиний үр удмыг* мөнхөд байлгаж,Чиний сэнтийг үеийн үед тогтооно”» гэсэн. (Села)
5 Ехова минь, таны гайхамшигт үйлсийг тэнгэр магтдаг.
Ариун хүмүүс* чуулж таны итгэмжит байдлыг магтдаг.
6 Тэнгэрт Еховатай харьцуулахаар хэн байна вэ?
Бурхны хөвгүүдийн дунд Еховатай адил хэн байна вэ?
7 Бурхан ариун хүмүүсийнхээ* дунд сүрдмээр.
Өөрийг нь хүрээлэгч бүхэнд тэрбээр агуу бөгөөд биширмээр.
8 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан минь ээ,Яа минь ээ, хэн тан шиг хүчтэй вэ?
Та бүх юманд итгэмжит билээ.
9 Та догшин тэнгисийг захирч,Долгилох давлагааг нь намжаадаг.
10 Та Рахабыг бяцалж алсан.
Дайснуудаа хүчит мутраараа тараан хаясан.
11 Тэнгэр таных, газар таных.
Үржил шимт газар ба түүнийг дүүргэдэг бүхнийг та бүтээсэн.
12 Та умард ба өмнөдийг бүтээсэн.
Табор ба Хермон таны нэрийг баяртайгаар магтдаг.
13 Таны гар чадалтай.
Таны гар хүчтэй.
Таны баруун мутар өргөмжлөгдсөн.
14 Зөв шударга ба шударга ёс нь таны сэнтийн суурь юм.
Үнэнч хайр ба итгэмжит байдал нь таны өмнө байдаг.
15 Таныг баяртай дуу хоолойгоор магтдаг хүмүүс жаргалтай.
Ехова минь ээ, тэд үргэлж тантай хамт алхаж, таны сайшаалыг олно.
16 Тэд өдөржин таны нэрд баярладаг.
Таны зөв шударга байдал тэднийг өргөмжилдөг.
17 Та бол тэдний хүч чадал, алдар суу нь юм.
Таны сайшаал бидэнд хүч өгдөг.
18 Бидний бамбай Еховагийнх.
Манай хаан Израйлын Ариун Нэгнийх.
19 Тэр үед та үнэнч хүмүүстээ үзэгдлээр дамжуулан ийнхүү ярьсан.
«Би хүчит нэгэнд хүч чадал өгсөн.
Ард түмний дундаас сонгосон нэгнээ өргөмжилсөн.
20 Би өөрийн зарц Давидыг олжАриун тосоороо тосолсон.
21 Би түүнийг дэмжинэ.
Би түүнийг хүчтэй болгоно.
22 Ямар ч дайсан түүнээс алба гувчуур нэхэхгүй.
Ямар ч зөв бус хүн түүнийг дарлахгүй.
23 Би түүний өмнө дайснуудыг нь бяцална.
Түүнийг үзэн яддаг хүмүүсийг цохиж унагана.
24 Миний итгэмжит байдал, үнэнч хайр түүнтэй хамт.
Миний нэр түүнийг улам хүчтэй болгоно.
25 Би түүний гарыг* тэнгис дээр,Баруун гарыг нь гол дээр тавина.
26 Тэр над руу “Та бол миний Эцэг,Миний Бурхан, авралын минь Хад” хэмээн хашхирна.
27 Би түүнийг ууган хүү болгож,Дэлхийн хаадын дээр тавина.
28 Би түүнийг үүрд үнэнчээр хайрлана.
Түүнтэй байгуулсан гэрээгээ хэзээ ч цуцлахгүй.
29 Би түүний үр удмыг* мөнхөд байлгаж,Сэнтийг нь тэнгэр мэт үүрдийнх болгоно.
30 Хэрэв түүний хөвгүүд миний хуулийг зөрчиж,Миний зарлигийг дагахгүй бол,
31 Миний тогтоолыг үл тоомсорлож,Миний тушаалыг биелүүлэхгүй бол
32 Дуулгаваргүйнх нь төлөө би тэднийг саваадаж,Гэм нүглийнх нь төлөө би тэднийг ташуурдаж шийтгэнэ.
33 Гэлээ ч би түүнийг үнэнчээр хайрлахаа болихгүй.
Амласнаасаа буцахгүй.
34 Би гэрээгээ зөрчихгүй.
Хэлсэн үгээ өөрчлөхгүй.
35 Би ариун байдлаараа нэгмөсөн тангарагласан.
Би Давидад худал хэлэхгүй.
36 Түүний үр удам* үүрд амьдарна.
Түүний сэнтий миний өмнөх нар мэт болно.
37 Тэнгэр дэх үнэнч гэрч сар мэтМөнхөд тогтоно». (Села)
38 Гэвч та өөрөө түүнийг голж, зайлуулсан.
Та өөрийнхөө сонгосон* нэгэнд уурласан.
39 Та зарцтайгаа байгуулсан гэрээгээ цуцалсан.
Түүний титмийг газар хаяж, бузарласан.
40 Та түүний чулуун ханыг бүгдийг нь нурааж,Бэхлэлтийг нь балгас болгосон.
41 Хажуугаар нь өнгөрөх бүхэн түүнийг тонож,Хөршүүд нь түүнийг доромжилдог.
42 Та дайснуудад нь ялалтыг өгч,Бүх дайсныг нь баярлуулсан.
43 Та илднийх нь ирийг мохоож,Тулалдааны үед түүнд туслаагүй.
44 Та алдар хүндийг нь авч,Сэнтийг нь газар хөмрөв.
45 Залуу насных нь өдрүүдийг богиносгож,Түүнийг шившгээр хувцаслав. (Села)
46 Ехова, та хэдий болтол нуугдах юм бэ? Үүрд юм гэж үү?
Таны уур хилэн гал шиг дүрэлзсээр байх уу?
47 Миний амьдрал богино гэдгийг санаач!
Та хүн төрөлхтнийг зорилгогүй бүтээсэн гэж үү?
48 Амьд явж, үхлийг хэзээ ч үзэхгүй хүн байна уу?
Тэрбээр Булшны* эрхшээлд оролгүй амиа аварч чадах уу? (Села)
49 Ехова минь ээ, үнэнчээр хайрлаж байсан тань яалаа?
Та итгэмжит нэгнийхээ хувьд Давидад тангарагласан шүү дээ.
50 Ехова, таны зарц нар хэрхэн доромжлогдож байсныг,Би бүх ард түмний доромжлолыг хэрхэн тэвчсэнийг санаач.
51 Ехова, таны дайснууд яаж элэг доог хийж байсныг,Таны сонгосон* нэгний алхам бүрийг яаж тохуурхсаныг санаач.
52 Ехова үүрд магтагдах болтугай! Амен, амен.
Зүүлт
^ «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.
^ Үгч. «үрийг»
^ Эсвэл «тэнгэрийн элч нар»
^ Эсвэл «тэнгэрийн элч нарынхаа»
^ Эсвэл «эрх мэдлийг»
^ Үгч. «үрийг»
^ Үгч. «үр»
^ Эсвэл «тосолсон»
^ Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «тосолсон»