Дуулал 68:1–35
Удирдаачид зориулав. Давидын дуу.
68 Бурхан босож, дайснууд нь тарж бутрах болтугай.
Үзэн ядагчид нь түүнээс зугтах болтугай.
2 Салхи утааг хөөдгийн адил, та тэднийг хөөгөөч.
Зөгийн лав галд хайлдгийн адилМуу хүмүүс Бурхны өмнө сөнөг.
3 Харин зөв хүмүүс баярлаг.
Бурхны өмнө хөөрөн баярлаг.
Ихэд баясан баярлаг.
4 Бурханд зориулж дуул, түүний нэрийг магтан дуул*.
Цөлөөр* яваа Нэгэнд зориулж дуул.
Түүний нэр бол Яа*! Түүний өмнө баярла!
5 Ариун газартаа суугаа Бурхан болӨнчний эцэг, бэлэвсний хамгаалагч* мөн.
6 Ганцаараа байдаг хүмүүст Бурхан гэр орон өгдөг.
Хоригдлуудыг шоронгоос гаргаж, дэвжин дээшлүүлдэг.
Харин тэрслүү хүмүүс ангасан газар амьдарвал зохино.
7 Бурхан минь ээ, таныг ард түмнээ удирдах үед,Цөлөөр явах үед (Села)
8 Газар хөдөлсөн.
Бурхнаас болж тэнгэрээс бороо цутгасан.
Бурхнаас, Израйлын Бурхнаас болж энэ Синаи уул доргисон.
9 Бурхан минь, та арвин их бороо оруулсан.
Та эцэж туйлдсан ард түмнээ тэнхрүүлсэн.
10 Тэд таны майхнуудад оршин суусан.
Бурхан минь, та сайхан сэтгэл гарган ядуусыг тэтгэсэн.
11 Ехова тушаал өгдөг.
Сайн мэдээ тунхагладаг эмэгтэйчүүд бол их цэрэг юм.
12 Хаад их цэрэгтэйгээ зугтаж байна, зугтаж байна!
Харин гэртээ үлдсэн эмэгтэй олзноос хувь хүртдэг.
13 Та нар түүдэг галын дэргэд* хэвтсэн чСөдийг нь мөнгөөр, өдийг нь алтаар бүрсэнТагтааны далавчтай болно.
14 Төгс хүчит Бурхан хаадыг тараах үедЗалмонд цас орсон*.
15 Башан уул бол Бурхны* уул юм.
Башан уул бол олон оргилтой уул юм.
16 Олон оргилтой уул аа, чи яагаадБурхны амьдрахаар сонгосон* уулыг атаархан харна вэ?
Үнэндээ Ехова тэнд үүрд амьдрах юм.
17 Бурхны тэрэгнүүд мянга мянгаараа, түм түмээрээ байдаг.
Ехова Синаигаас ирж ариун газартаа орсон.
18 Та өндөрт гарахдааОлзны хүмүүсийг авч явсан.
Та хүмүүсийг бэлэг болгон авсан.
Яа Бурхан минь, та дунд нь амьдрахын тулд зөрүүд хүмүүсийг ч авсан.
19 Ачааг маань өдөр бүр үүрдэг Ехова,Аврагч, жинхэнэ Бурхан магтагдах болтугай. (Села)
20 Жинхэнэ Бурхан бол биднийг авардаг Бурхан.
Хэмжээгүй эрхт Эзэн Ехова үхлээс гэтэлгэдэг.
21 Бурхан дайснуудынхаа толгойг бяцална.
Байнга нүгэл үйлдэгчдийн гавлыг хага цохино.
22 Ехова айлдсан нь: «Би тэднийг Башанаас буцааж авчирна.
Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана.
23 Ингэснээр хөл чинь цусанд угаагдана.
Ноход чинь дайснуудын цусыг долооно».
24 Бурхан минь ээ, хүмүүс таны ард түмний ёслолын жагсаалыг харна.
Миний Бурхны, миний Хааны ард түмнийг ариун газар луу жагсан орохыг харна.
25 Урд нь дуучид алхаж, араас нь чавхдаст хөгжимчид дагалдана.
Дунд нь залуу бүсгүйчүүд хэнгэрэг цохин явна.
26 Хуран чуулсан хүмүүсийн дунд Бурхныг магт.
Израйлын Эх булгаас гарсан та нар Еховаг магт.
27 Тэнд хүмүүсийг захирдаг отгон Бениамин байна.
Дуу шуу ихтэй иргэдтэй Иудагийн ноёд ч байна.
Зебулун, Нафталийн ноёд бас тэнд байна.
28 Бурхан чинь чамайг хүчтэй болгохоор шийдсэн.
Бурхан минь ээ, та урьдынх шигээ бидэнд хүчээ үзүүлээч.
29 Иерусалим дахь сүмийн тань төлөөХаад танд бэлэг авчирна.
30 Зэгсэн дундах зэрлэг араатнуудыг зэмлээч.
Сүрэг бухыг тугалуудтай нь буруутгаач.
Тэгвэл ард түмнүүд танд сөгдөж, мөнгө авчирна*.
Та дайнд дуртай ард түмнүүдийг тараадаг.
31 Египетээс хүрэл эдлэл* ирнэ.
Бурханд бэлэг өгөхөөр Куш яарна.
32 Дэлхийн хаант улсууд аа, Бурханд зориулж дуул.
Еховаг магтан дуул*. (Села)
33 Хамгийн дээр орших эртний тэнгэрийг хөлөглөгч нэгнийг магтан дуул.
Тэрбээр дуу хоолойгоороо, хүчирхэг дуу хоолойгоороо нүргэлдэг.
34 Бурхны хүчийг хүлээн зөвшөөр.
Түүний сүр алдар Израйлын дээр,Түүний хүч чадал тэнгэрт* бий.
35 Бурхан агуу ариун газраасаа гарч ирэхдээ бишрэл төрүүлэм.
Тэр бол Израйлын Бурхан.
Ард түмэндээ хүч чадал хайрладаг.
Бурхныг магтагтун.
Зүүлт
^ Эсвэл «түүний нэрд зориулан дуулж хөгжимд»
^ Эсвэл «Үүл хөлөглөн» гэсэн бололтой.
^ «Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.
^ Үгч. «шүүгч»
^ Эсвэл «хонины хотонд» гэсэн бололтой.
^ Эсвэл «Энэ нь Залмонд цас орсон мэт байсан»
^ Эсвэл «сүрлэг»
^ Эсвэл «амьдрахыг хүсдэг»
^ Эсвэл «мөнгийг дэвсэлнэ» гэсэн бололтой.
^ Эсвэл «элчин сайдууд» гэсэн бололтой.
^ Эсвэл «Еховад зориулан дуулж хөгжимд»
^ Үгч. «үүлэнд»