Дуулал 5:1–12

  • Ехова бол зөв шударга хүний хоргодох газар

    • Бурхан муу муухайг үзэн яддаг (4, 5)

    • «Та зөв шударга учир ... намайг хамгаалан удирдаач» (8)

Удирдаачид: нехилотод* зориулав. Давидын дуу. 5  Ехова минь ээ, үгийг минь сонсооч. Санаа алдахад минь анхаарлаа хандуулаач.  2  Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч. Тандаа би залбирч байна, Хаан минь, Бурхан минь.  3  Ехова минь ээ, өглөө бүр та дуу хоолойг минь сонсоно. Өглөө би танд сэтгэлийн зовлонгоо ярьж, найдан хүлээнэ.  4  Та бузар мууг таашаадаггүй Бурхан. Муу хүн хоромхон зуур ч тантай хамт байх боломжгүй.  5  Онгироо хүн таны өмнө зогсож чадахгүй. Олиггүй юм хийдэг бүх хүнийг та үзэн яддаг.  6  Худалч хүмүүсийг та устгана. Харгис догшин*, хууран мэхлэгч хүмүүсийг Ехова жигшдэг.  7  Харин би таны өргөөнд орно. Учир нь таны үнэнч хайр агуу. Би таныг бишрэн хүндэтгэж ариун сүмийн тань зүг мэхийнэ.  8  Ехова минь ээ, та зөв шударга учир өстнүүдээс намайг хамгаалан удирдаач. Таны замаар саадгүй явахад надад туслаач.  9  Тэдний ганц ч үгэнд итгэж болохгүй. Зүрх нь хорон санаагаар дүүрэн. Ам нь онгорхой булш. Хэл нь зусар бялдууч. 10  Гэвч Бурхан тэдний гэм буруутайг тунхаглана. Тэд заль мэхэндээ өөрсдөө унана. Их нүгэл үйлдсэн тэднийг хөөн зайлуулаач. Учир нь тэд танд тэрсэлсэн билээ. 11  Харин танд хоргоддог бүхэн баясна. Хэзээ ямагт баярлан хашхирна. Та тэднийг муу хүмүүсээс хамгаална. Нэрийг тань эрхэмлэгч бүхэн баярлана. 12  Ехова, та зөв хүмүүсийг ивээнэ. Том бамбайгаар тал бүрээс нь халхлах мэт та тэднийг сайшаана.

Зүүлт

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.
Эсвэл «Цус урсгадаг»