Дуулал 17:1–15
Давидын залбирал.
17 Гуйлтыг минь сонсож, миний төлөө шударга ёсыг тогтоогооч, Ехова!
Тусламж гуйн хашхирахыг минь анхаараач.
Чин сэтгэлийн залбирлыг минь сонсооч.
2 Миний төлөө та шударга шийдвэр гаргаж,Мэлмий тань зөв юмыг харах болтугай.
3 Та зүрхийг минь шинжсэн, шөнө ч намайг шалгасан.
Та намайг цэвэршүүлсэн.
Ямар ч муу юм сэдээгүйг минь та мэдэх болно.
Би амаараа нүгэл үйлдээгүй.
4 Хүмүүс юу ч хийсэн, би таны үгийг дагажДээрэмчдийн замаас хол явна.
5 Таны замаар явахад туслаач.
Тэгвэл би бүдэрч унахгүй.
6 Бурхан минь, та надад хариулах учир би таныг дуудаж байна.
Намайг анхаарч*, үгийг минь сонсооч.
7 Танд тэрслэгчдээс зугтан,Баруун мутарт тань хоргоддог хүмүүсийн Аврагч аа,Гайхамшигт үйлсийг бүтээн үнэнч хайраа үзүүлээч.
8 Намайг нүднийхээ цэцгий мэт хамгаалж,Даль жигүүрээрээ* халхлаач.
9 Над руу дайрдаг муу хүмүүсээс хамгаалаач.
Намайг бүсэлдэг өстөн дайснаас авраач*.
10 Тэд мэдрэмжгүй болсон бөгөөд*Бардамнан ярьдаг.
11 Тэд биднийг хүрээлэн авч,Газар унагах боломжийг хайж байна.
12 Тэд бүгд олзоо тасчин хаях арслан мэт,Ангаа отон хүлээх залуу арслан мэт юм.
13 Босож, тэдэнтэй тулалдан буулгаж аваач, Ехова!
Муу хүмүүсээс намайг илдээрээ хамгаалаач.
14 Өнөөгийн амьдралаас хувь хүртсэн энэ ертөнцийн* хүмүүсээсӨөрийн мутраар намайг авраач, Ехова!
Тэд бол таны өгдөг бүхэнд ханаж цадсан хүмүүс.
Тэд бол хөвгүүддээ өв үлдээдэг хүмүүс юм.
15 Харин би зөв явж, таны царайг харна.
Та дэргэд минь байдаг* учир би сэтгэл хангалуун сэрдэг.
Зүүлт
^ Эсвэл «Бөхийн, сонсооч»
^ Үгч. «Далавчныхаа сүүдэрт»
^ Эсвэл «Амь насанд минь заналхийлдэг дайснуудаас»
^ Эсвэл «өөхөндөө хучигдаж»
^ Эсвэл «тогтолцооны»
^ Эсвэл «Таны дүр төрхийг хардаг»