2018 ОНЫ 8-Р САРЫН 24
МОНГОЛ
Монгол дахь Еховагийн Гэрчүүд шашин шүтэх эрх чөлөөгөө хамгаалж, зөвшөөрлөө сунгууллаа
Монгол улсын нийслэл Улаанбаатар дахь Еховагийн Гэрчүүдэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (НИТХ) 2018 оны 6 дугаар сарын 14-нд гэрчилгээ олгож, шашны байгууллагын зөвшөөрлийнх нь хугацааг албан ёсоор сунгалаа.
Тус улсад шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллага зөвшөөрлийн хугацаагаа жил бүр сунгуулах ёстой байдаг бөгөөд Гэрчүүд 1999 онд анх бүртгүүлснээсээ хойш жил бүр зөвшөөрлөө сунгуулж иржээ. Гэвч 2015 онд НИТХ Улаанбаатар дахь манай хуулийн этгээдийн зөвшөөрлийг сунгахаас татгалзсан юм. 2017 оны 1 дүгээр сард НИТХ тогтоол гаргаж, манай хуулийн этгээдийн шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг албан ёсоор цуцалсан. НИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрээ ямар нотлох баримтад үндэслэж гаргаснаа мэдэгдэхээс татгалзсан бөгөөд Гэрчүүд НИТХ-ын шийдвэрт холбогдуулан шүүхэд хандсан юм.
Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад НИТХ-ын өмгөөлөгч ОХУ-ын Дээд шүүх Орос дахь манай хуулийн этгээдүүдийг татан буулгах шийдвэр гаргасныг нотлох баримтаа болгохыг оролдсон юм. Харин ОХУ-ын Дээд шүүхийн шийдвэрийг олон улс шүүмжилж, олон улсын шүүхүүд хууль бус гэж үзэж байгааг манай өмгөөлөгчид онцлон тэмдэглэсэн. Мөн НИТХ ОХУ-ыг дээрх шийдвэрийг гаргахаас өмнө тогтоол гаргасан учир уг шийдвэрийг үндэслэл болгох аргагүй гэдгийг манай өмгөөлөгчид тайлбарлажээ.
Захиргааны хэргийн шүүх НИТХ-ыг таамаглалд үндэслэн шийдвэр гаргаж, Гэрчүүдийг ямар нэг аюултай үйл ажиллагаа явуулдаг гэх нотлох баримт гаргаж чадаагүй гэж үзээд тогтоолыг нь цуцлах шийдвэр гаргасан. Түүнчлэн, НИТХ-ыг Гэрчүүдийн үндсэн эрх, ялангуяа, шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөнд халдсаныг шүүх тогтоосон.
Гэрчүүдийн өмгөөлөгчдийн нэг Жэйсон Уайс: «Хүнийг үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэхэд аливаа бүртгэл зөвшөөрөл шууд нөлөөлөх учиргүй. Гэхдээ зөвшөөрөлгүй бол шашин шүтэх эрхээ чөлөөтэй эдлэхэд амаргүй байдаг. Зөвшөөрөлтэй бол Библи, Библид үндэслэсэн хэвлэл оруулж ирэх, цуглааны танхим эзэмших, чуулган явуулах газар түрээслэх гэх зэргийн олон эрхийг манай хуулийн этгээд эдлэх боломж бүрддэг. Захиргааны хэргийн шүүх НИТХ-ын шийдвэрийг цуцлахаар шийдэж, иймэрхүү тогтоол шийдвэр Монгол улсад шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх бидний эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө гэж үзсэнд баяртай байна» гэж тэмдэглэжээ.