Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Болзоо—1-р хэсэг: Болзоонд явахад бэлэн үү?

Болзоо—1-р хэсэг: Болзоонд явахад бэлэн үү?

 Болзоо гэж юу вэ?

 Зарим хүн болзоонд явахыг цагаа зугаатай өнгөрүүлэх нэг арга гэж боддог. Гэхдээ энэ өгүүлэлд болзох гэдгээр хосууд бие биедээ тохирох эсэхээ мэдэхэд зориулах цаг хугацааг хэлсэн. Тиймээс гэрлэх зорилгоор болздог. Харин эсрэг хүйсийн хүний анхаарлыг татах зорилготой биш юм.

 Болзож байх үедээ гэрлэх үү эсвэл болих уу гэдгээ шийддэг. Тиймээс яаж ч шийдсэн аль алинд нь бэлэн байх хэрэгтэй.

 Хамгийн гол нь: Өөрийгөө болзоход бэлэн гэж бодож байгаа бол гэрлэхэд ч бас бэлэн гэсэн үг.

Гэрлэнэ гэсэн бодолгүй болзох нь ажилд орох зорилгогүйгээр ажлын ярилцлага өгөхтэй адил юм

 Чи болзоход бэлэн үү?

 Гэрлэх зорилгоор болздог учраас үерхэж эхлэхээсээ өмнө давуу болон сул талаа мэдэж аваарай. Дараах зүйлийг анхаараарай:

  •   Гэр бүлийн харилцаа. Чи эцэг эх, гэр бүлийнхэндээ яаж ханддаг вэ? Ялангуяа стресст орсон үедээ хэрхэн хандаж байна тэр л хандлагаа ханьдаа гаргана.

     Библийн зарчим: «Өширхөн хорсохоо, уурлан хилэгнэхээ, хэрэлдэн маргахаа, доромжлон гутаахаа, хор хөнөөл учруулахаа боль» (Эфэс 4:31).

     Бодож үзээрэй: Би эцэг эх болон гэр бүлийнхэнтэйгээ хүндэтгэлтэй харьцдаг уу? Хэн нэгэнтэй нь санал зөрөлдлөө гэхэд асуудлыг тайвнаар шийддэг үү? Эсвэл уурлаж бухимддаг уу?

    Эцэг эхтэйгээ ойлголцож чаддаггүй бол ханьтайгаа учраа олж чадах болов уу?

  •   Бусдыг бодох. Гэрлэсэн хүн ханийнхаа хүсэл сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавих учиртай.

     Библийн зарчим: «Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар» (1 Коринт 10:24).

     Бодож үзээрэй: Би үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг үү? Хүмүүс намайг харьцахад амар хүн гэдэг үү? Өөрийнхөөсөө илүү бусдын хэрэгцээ шаардлагыг анхаардаг гэдгээ хэрхэн харуулдаг вэ?

  •   Даруу байх. Сайн нөхөр эсвэл эхнэр алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ уучлал гуйдаг.

     Библийн зарчим: «Бид бүгдээрээ алддаг» (Яаков 3:2).

     Бодож үзээрэй: Би алдаагаа хүлээн зөвшөөрдөг үү? Эсвэл өөрийгөө өмөөрдөг үү? Хэн нэгэн зөвлөгөө өгөхөд гомдож, тунирхдаг уу?

  •   Мөнгө санхүү. Гэр бүлийн маргааны нэг гол шалтгаан нь мөнгө юм. Мөнгө төгрөгөө зөв зохистой зарцуулдаг бол гэр бүлд гардаг асуудал нэгээр багасна.

     Библийн зарчим: «Та нарын нэг цамхаг барихыг хүсжээ. Тэгвэл эхлээд тэрээр суугаад, барьж дуусгах боломжтой эсэхээ мэдэх гэж зардлыг нь тооцоолохгүй гэж үү?» (Лук 14:28).

     Бодож үзээрэй: Би зардлаа тооцоолдог уу? Эсвэл байнга өр тавьдаг уу? Мөнгөө зохистой зарцуулдгаа хэрхэн харуулдаг вэ?

  •   Бурхантай дотно байх. Еховагийн Гэрч хүний хувьд Библи судлах, цуглаанд идэвхтэй оролцох сайн хэвшилтэй болсон байх хэрэгтэй.

     Библийн зарчим: «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай» (Матай 5:3).

     Бодож үзээрэй: Би итгэлээ батжуулахын тулд хүчин чармайлт гаргадаг уу? Би Бурхантай тогтоосон харьцаагаа хамгийн чухалд үздэг үү? Эсвэл өөр зүйлийг эн тэргүүнд тавьдаг уу?

 Хамгийн гол нь: Хүн ирээдүйн ханиа сайн хүн байгаасай гэж хүсэх нь ойлгомжтой. Хүсэлд нь нийцсэн сайхан зан чанартай, сайн хүн болохыг хичээгээрэй. Тэгвэл мөн тийм л хүн чамд татагдана.