Skip to content

САНАМСАРГҮЙ БИЙ БОЛСОН УУ?

Сахал хөлтний барьцалдуулах чадвар

Сахал хөлтний барьцалдуулах чадвар

 Амьтан судлаачид сахал хөлтнүүдийн хад, гүүр, усан онгоцны ёроолд наалдах чадварыг эртнээс судалсаар иржээ. Сахал хөлтний өөрийн биеийг ямар нэг гадаргуутай барьцалдуулах чадвар нь хүний гаргаж авсан ямар ч цавууныхтай харьцуулшгүй хүчтэй. Яаж нойтон гадаргуу дээр хүртэл салахгүй тогтдог нь саяхныг болтол оньсого хэвээр байлаа.

 Бодож үзээрэй: Судалгааны дүгнэлтээр бол сахалт хөлтний авгалдай чөлөөтэй сэлж чаддаг болмогцоо янз бүрийн гадаргууг шинжиж, наалдах газраа сонгодог. Тэгээд наалдах газраа олсныхоо дараа хоёр төрлийн нийлмэл бодис ялгаруулна. Эхлээд тухайн хэсгийн усыг арилгах тослог шингэн бодис гаргаж суурь тавьдаг. Энэ тослог шингэний ачаар хоёр дахь бодис болох фосфопротеин гэдэг уураг ялгарч биеэ гадаргуутай барьцалдуулахад бэлэн болно.

 Энэ хоёр бодис нийлээд бактери ч салгаж чадахааргүй бат бөх чанартай цавуу болдог. Ийнхүү нэг газарт хөдөлгөөнгүй бэхлэгдэх нь сахал хөлтний хувьд үнэхээр чухал юм. Учир нь тэд нэг газар наалдаад үхэн үхтэлээ тэндээ байдаг.

Сахал хөлтөн. Томруулсан зураг дээр утсан бодис ялгаруулж байгаа нь харагдаж байна

 Сахал хөлтний өөрийгөө гадаргуутай бэхлэх энэхүү арга нь судлаачдын бодож байснаас ч бүр нарийн. Судалгааны багийн нэг гишүүн «Сахал хөлтнүүдийн нойтон гадаргуу дээр тогтох энэ чадвар нь үнэхээр гайхалтай байгалийн мэргэн ухаан юм» гэжээ. Энэхүү судалгаа нь усан дотор хэрэглэдэг цавуу, мөн электрон хэрэгслийг наах болон имплант суулгах эмчилгээнд хэрэглэх биодезийн цавууг боловсруулахад тус болох нь дамжиггүй.

 Та юу гэж бодож байна вэ? Сахал хөлтний барьцалдуулах чадвар санамсаргүй бий болсон уу? Эсвэл ийм чадвартайгаар бүтээсэн юм болов уу?