Бурхан энд тэндгүй байдаг уу?
Библид юу гэж байдаг вэ?
Бурхан бүхнийг харж байдаг бөгөөд хийе гэж хүссэн зүйлээ хаана ч хийж чаддаг (Сургаалт үгс 15:3; Еврей 4:13). Гэхдээ Бурхан хаа сайгүй оршдог гэж Библид байдаггүй. Өөрөөр хэлбэл энд тэндгүй эсвэл бүх зүйлд байдаггүй. Харин Бурхан бол бодгаль бөгөөд өөрийн гэсэн орших газартай.
Бурхан ямар биетэй вэ? Бурхан бол үл үзэгдэх Нэгэн (Ёохан 4:24). Тэрээр хүний нүдэнд харагддаггүй (Ёохан 1:18). Бурхныг гайхамшгаар үзсэн Библийн үзэгдлүүдэд түүнийг тодорхой газар оршин байдгаар дүрсэлдэг. Энд тэндгүй байдгаар дүрсэлсэн зүйл нэг ч байдаггүй (Исаиа 6:1, 2; Илчлэл 4:2, 3, 8).
Бурхан хаана байдаг вэ? Бурхан бидний амьдардаг дэлхий дээр оршин байдаггүй. Бурхан «тэнгэр[т] Өөрийн орших газартай» гэж Библид бий (Хаадын дээд 8:30). Тэнгэрийн элчүүд «[Еховагийн] a өмнө үзүүлэхээр ирдэг» тухай Библид гардаг нь Ехова тодорхой нэг газар оршдогийг харуулдаг (Иов 1:6).
Бурхан энд тэндгүй байдаггүй юм бол надад үнэхээр санаа тавьж чадах уу?
Тийм ээ, Бурхан хүн нэг бүрд чин сэтгэлээсээ санаа тавьдаг. Хэдийгээр Бурхан тэнгэрт оршдог ч өөрт нь таалагдахыг чин зүрхнээсээ хүсдэг хүмүүсийг анхааралтай ажигладаг. Тэгээд тэдэнд тусалдаг (Хаадын дээд 8:39; Шастирын дэд 16:9). Ехова жинхэнэ үйлчлэгчдэдээ хэрхэн санаа тавьдгийг авч үзье.
Залбирахад: Ехова таныг залбирч эхлэхэд л сонсдог (Шастирын дэд 18:31).
Сэтгэлээр унасан үед: «[Ехова] эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд Сүнсээрээ гэмшигчдийг авардаг» (Дуулал 34:18).
Удирдамж заавар хэрэгтэй үед: Ехова Өөрийн үг Библиэр «зааварлан зааж өгдөг» (Дуулал 32:8).
Бурхан энд тэндгүй байдаг гэсэн буруу ойлголт
Буруу ойлголт: Бурхан бүтээсэн зүйлийнхээ дотор хаа сайгүй байдаг.
Үнэндээ бол: Бурхан дэлхий дээр ч, өөр гараг ертөнц дээр ч оршдоггүй (Хаадын дээд 8:27). Од гараг, бусад бүтээл нь «Бурханы сүр жавхланг зарладаг» нь үнэн (Дуулал 19:1). Гэхдээ Бурхан бүтээсэн зүйлийнхээ хаа нэгтээ оршин байдаггүй. Жишээ нь зураач зурсан зурган дотроо амьдардаггүй биз дээ? Зургаас нь зураачийн тухай мэдэж болдог шиг орчлонт ертөнцөөс Бүтээгчийнх нь «зан чанарыг», тухайлбал хүч, мэргэн ухаан, хайрыг мэдэж болно (Ром 1:20).
Буруу ойлголт: Бурхан бүхнийг мэдэхийн тулд бас бүхнээс хүчтэй байхын тулд энд тэндгүй оршин байх ёстой.
Үнэндээ бол: Бурхан агуу хүч буюу үйлдэх хүчээрээ бүхнийг хийдэг. Бурхан энэ хүчээрээ юуг ч, хаана ч, хэзээ ч, тухайн хүний дэргэд байхгүй байлаа ч мэдэж, хийж чаддаг (Дуулал 139:7).
Буруу ойлголт: Дуулал 139:8-д «Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг» гэж бий. Эндээс Бурхныг энд тэндгүй байдаг гэж ойлгодог.
Үнэндээ бол: Бурхны оршин байдаг газрыг энэ зүйлд хэлэх гэсэн юм биш. Харин биднийг хаана ч байсан Бурхан санаа тавьдгийг уран яруу аргаар дүрсэлсэн ажээ.
a Библийн эх бичигт Бурхны нэрийг Ехова гэсэн байдаг.