Таны мэдлэгт
Таны мэдлэгт
Есүс «хоёр бээр яв» гэсэн нь ямар учиртай вэ?
▪ Есүс алдартай сургаал буюу «Ууланд айлдсан номлол»-доо: «Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв» хэмээжээ (Матай 5:41). Есүс ийн хэлэхдээ төр засгаас ард иргэдээр хийлгэдэг албадлагын ажлыг хэлснийг сонсогчид нь ойлгож байсан биз ээ.
І зууны үед Израиль Ромын захиргаанд байв. Ромчууд албан ажлыг хурдан шуурхай явуулахын тулд хүн, малыг дайчилж, шаардлагатай гэж үзсэн бүхнээ хүчээр авдаг байжээ. Жишээлбэл, Ромын цэргүүд Есүсийг цаазлах газар руу авч явахдаа шонг нь Курений Симонд албадан үүрүүлсэн (Матай 27:32). Албадлагын ажил иудейчүүдэд тэсэхүйеэ бэрх дарамт болж, тэдний жигшил зэвүүцлийг төрүүлдэг байв.
Ардууд ачаа үүрч чухам хэр хол явах ёстой байсан нь тодорхойгүй. Гэхдээ тэднийг ромчуудын шаардлагыг бага ч болов давуулан биелүүлдэг байсан гэж төсөөлөхийн аргагүй. Тэгэхлээр Есүс өөрийг нь сонсож байсан хүмүүст «хоёр бээр яв» гэж уриалсан нь төр засгийн албан шаардлагыг дургүйцэлгүй биелүүлэхийг хэлсэн хэрэг байв (Марк 12:17).
Евангелид гардаг Аннас гэж ямар хүн байсан бэ?
▪ Есүсийг шүүх ажиллагаанд оролцсон Аннасыг «тэргүүн тахилч» гэж Библид дурддаг (Лук 3:2; Иохан 18:13; Үйлс 4:6). Үнэн хэрэгтээ, Аннас бол Израилийн тухайн үеийн тэргүүн тахилч Каиафын хадам эцэг юм. Гэхдээ тэрбээр МЭ 6 юм уу 7–15 оны хооронд өөрөө тэргүүн тахилч байжээ. Түүнийг Ромын прокурор Валери Грат албан тушаалаас нь огцруулсан аж. Гэлээ ч нэгэн цагт тэргүүн тахилч явсан Аннас Израильд их нөлөө бүхий хүн байв. Таван хүү, нэг хүргэн нь тэргүүн тахилчаар үйлчилж байжээ.
Израильчуудыг бусад улс гүрнээс хараат бус байх үед тэргүүн тахилч нь насан туршдаа үйлчилдэг байв (Тооллого 35:25). Харин ромчууд Израилийг захиргаандаа оруулснаас хойш Ромоос томилсон хаад, захирагчид тэргүүн тахилчийг эрх ашигтаа нийцүүлэн сольдог болжээ. Түүхч Иосеф Флавийн тэмдэглэснээр, Ромын Сири мужийн амбан захирагч Куирини МЭ 6 юм уу 7 онд тэргүүн тахилч Жоазар гэгчийг халж, оронд нь Аннасыг томилсон гэдэг. Гэхдээ гадны захирагчид тэргүүн тахилчийг тахилчдын дундаас сонгож байсан бололтой.
Аннасынх сувдаг шунахайгаараа зартай, туйлын чинээлэг айл байжээ. Тэднийх тахил өргөхөд зайлшгүй хэрэгтэй тагтаа, хонь, тос, дарс гэх мэтийг сүмийн хашаанд зарж борлуулах зөвшөөрөл олгох монополи эрхээ урвуулан ашиглаж, баяжиж хөлжсөн бололтой. Хүү Аннас нь ч «тахилчдаас аравны нэгийг нь хүчээр авдаг, өгөөгүй нэгнийг зодож жанчихаас буцдаггүй зарц нартай» байсан талаар түүхч Иосеф тэмдэглэжээ.