Skip to content

Гэр бүлийн аз жаргалын нууц

Асуудлаа шийдэх нь

Асуудлаа шийдэх нь

Нөхөр: «Хоёр охин маань хааччихаа вэ?»

Эхнэр: «Хувцас авна гээд дэлгүүр явсан».

Нөхөр: [Бухимдан дуугаа өндөрсгөж] «Хувцас авах аа? Сарын өмнө шинэ хувцас авсан биз дээ!»

Эхнэр: [Охидоо өмөөрч, гомдолтойгоор] «Хямдарсан гээд байхаар нь яв гэсэн юм аа».

Нөхөр: [Уурлан хашгичиж] «Чи яахаараа хоёр охиноо ингэж дураар нь байлгадаг юм? Надаас асууж болоогүй юм уу?»

Энэ хоёр юунаас болж маргалдав? Нөхөр нь уураа барьж чадсангүй. Хүүхдүүддээ юу зөвшөөрч, юу хориглох талаар санал зөрөлдсөн. Бас бие биеэ ойлгохыг хичээгээгүй.

Төгс эхнэр, төгс нөхөр гэж байхгүй. Заавал асуудал гарна. Тийм учраас асуудлыг жижиг том гэлтгүй хамтдаа шийдэж сурах нь зайлшгүй чухал. Яагаад чухал бэ?

Асуудлыг шийдэхгүй яваад байвал яваандаа санал бодлоо чөлөөтэй хуваалцаж чадахаа больж мэднэ. «Хэрүүл маргаан нь шилтгээний түгжээтэй хаалга мэт» гэж мэргэн хаан Соломон хэлжээ (Сургаалт үгс 18:19). Ойлголцлын үүдийг нээж асуудлаа шийдэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Хүндэтгэл, хайрыг уушги зүрхтэй, санаа бодлоо хуваалцахыг цусны эргэлттэй зүйрлэж болно (Ефес 5:33). Бие биеэ хайрладаг бол, ханийнхаа алдааг дахин дахин яриад, гомдлоо хадгалаад байхгүй, асуудлаа л шийдэхийг бодно (1 Коринт 13:4, 5; 1 Петр 4:8). Бие биеэ хүндэтгэдэг хосууд нэгнийхээ ярихыг сонсдог. Бас зөвхөн юу хэлж байгааг биш, үгийнх нь цаад санааг анхаардаг.

Асуудлаа шийдэх дөрвөн алхам

Библийн зарчмыг хэрэгжүүлбэл хайр хүндэтгэлээ илэрхийлэн асуудлаа шийдэж болдог. Доор жагсаасан дөрвөн алхмыг үзье.

1. Асуудлаа ярилцах цаг товлоорой.

«Бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ. ... Дуугүй байх хийгээд ярих цаг» гэж бий (Номлогчийн үгс 3:1, 7). Асуудал тулгарахад хосууд уурлаж бухимдан, гомдож тунирхдаг нь өгүүллийн эхэнд гарсан маргаанаас харагддаг. Ийм тохиолдолд биеэ барьж, «дуугүй байх» цаг байдгийг санах хэрэгтэй. «Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун» гэсэн Библийн зөвлөгөөг дагавал харьцаанд ан цав суухаас сэргийлнэ (Сургаалт үгс 17:14).

Харин «ярих цаг» гэж бас бий. Хогийн ургамлыг зулгаахгүй бол шигүү ургадаг шиг асуудлаа шийдэхгүй яваад байвал улам даамжирна. Тийм болохоор асуудлыг аяндаа зүгээр болчихно гэж итгэн, шийдэхээс хойш сууж болохгүй. «Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг» гэсэн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй (Ефес 4:26). Ойрын хугацаанд асуудлаа ярилцахаар цаг товлож ханьдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэгээд амласнаа биелүүлээрэй.

ОРОЛДООД ҮЗ: Гэр бүлийн асуудлаа долоо хоногийн тогтсон өдөр ярилцаж байгаарай. Өдрийн аль нэг үед маргалдах гээд байдаг бол тэр үед асуудлынхаа тухай ярилцахгүй байсан нь дээр. Жишээ нь, дөнгөж ажлаа тараад ирсний дараа, өлссөн үедээ гэх мэт. Харин хоёулаа тайван байхдаа ярилцаарай.

2. Санал бодлоо ний нуугүй боловч ая эвийг нь олж хэлээрэй.

«Хүн бүр хөршдөө үнэнийг ярь» (Ефес 4:25). Хөршдөө буюу бүх хүнд үнэнийг ярих ёстой юм бол тэр тусмаа ханьтайгаа илэн далангүй ярих ёстой биш гэж үү? Нөхөрт гараад 26 жил болсон Маргарита *: «Асуудал гарвал нөхөр маань намайг шууд ойлгоно гэж эхэн үед боддог байлаа. Гэхдээ тийм биш гэдгийг яваандаа ойлгосон. Одоо бол санасан бодсоноо ний нуугүй хэлдэг» гэжээ.

Асуудлын тухай ярилцахдаа, маргаанд ялалт байгуулах биш, санал бодлоо хэлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Тийм учраас ямар асуудал, хэзээ гардаг, танд ямар санагддагийг хэлээрэй. Хань тань замбараагүй байдаг нь таныг бухимдуулдаг гэж бодъё. Ийм үед «Чи ажлаасаа ирчихээд хувцсаа тайлаад газар хаячихдаг [ямар асуудал, хэзээ гардаг нь]. Би уг нь орон гэрээ эмх цэгцтэй байлгая л гэсэн юм [яг ямар санагддаг нь]» гэж хэлж болно. Бас асуудлыг яаж шийдмээр байгаагаа эвтэйхэн хэлээрэй.

ОРОЛДООД ҮЗ: Ханьтайгаа ярилцахаасаа өмнө бодлоо цэгцлэхийн тулд ямар асуудал гараад байгааг, яаж шийдмээр байгаагаа бичээрэй.

3. Ханиа сонсож санаа сэтгэлийг нь ойлгоорой.

Христийн бүх шавь «сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг» гэж Иаков хэлжээ (Иаков 1:19). Хань нь өөрийг нь ойлгохгүй байгаа юм шиг санагдах нь эхнэрт ч, нөхөрт ч их хэцүү байдаг. Тийм учраас «Хань минь намайг ойлгодоггүй» гэсэн сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжлоорой (Матай 7:12).

Гэрлээд 35 жил болсон Вольфганг: «Эхнэртэйгээ асуудлаа ярилцаад суухлаар би дотроо тавгүйтдэг. Намайг ойлгохгүй байгаа юм шиг санагдахлаар бүр хэцүү байдаг» гэжээ. Нөхөрт гараад 20 жил болсон Диана: «Чи намайг анхааралтай сонсохгүй байна гэж би нөхөртөө дандаа хэлдэг» гэсэн. Харилцааны энэ бэрхшээлийг яаж давах вэ?

Ханийнхаа юу бодож, ямар байгааг мэддэг гэж битгий бодоорой. «Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг. Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна» гэж Бурхны Үг болох Библид байдаг (Сургаалт үгс 13:10). Санасан бодсоноо ярихад нь таслалгүй сонсоорой. Ингэвэл хань тань өөрийгөө үнэ хүндтэй гэж үзнэ. Тэгээд хэлснийг нь ойлгосон эсэхээ магадлахын тулд сонссоноо давтаж хэлээрэй. Гэхдээ шарыг нь малтаж, дээрэнгүй загнаж болохгүй. Буруу ойлгосноо дор нь хүлээн зөвшөөрөөрэй. Ганцаараа яриад байлгүй харилцан яриарай. Асуудлын талаар юу гэж бодож байгааг нь ойлгох хүртлээ ийм маягаар ярилцаарай.

Ханийнхаа яриаг анхааралтай сонсож сэтгэл санааг нь ойлгоё гэвэл даруу, хүлээцтэй байх шаардлагатай. Эхлээд та өөрөө ханиа хүндэлбэл, хань тань таныг хүндэлнэ (Матай 7:2; Ром 12:10).

ОРОЛДООД ҮЗ: Сонссоноо давтаж хэлнэ гэдэг нь хэлсэн болгоныг нь тоть шиг давтана гэсэн үг биш. Ханийнхаа үг яриа, санаа сэтгэлийг яаж ойлгосноо эвтэйхэн хэлээрэй (1 Петр 3:8).

4. Нэг шийдвэрт хүрээрэй.

«Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно» (Номлогчийн үгс 4:9, 10). Бие биеэ дэмжиж байж л асуудлаа шийдэж чадна.

Ехова нөхрийг өрхийн тэргүүн болгосон (1 Коринт 11:3; Ефес 5:23). Гэхдээ тэргүүлнэ гэдэг нь дарангуйлна гэсэн үг биш. Ухаантай нөхөр эхнэртэйгээ зөвлөлдөж байж шийдвэр гаргадаг. Гэрлээд 20 жил болсон Дэйвид: «Эхнэртэйгээ санал нэгдэх юмыг анхаарч, хэн хэнийхээ сэтгэлд нийцсэн шийдвэр гаргахыг боддог» гэсэн юм. Нөхөрт гараад 7 жил болсон Таня: «Хэнийх нь зөв, хэнийх нь буруу вэ гэдэг чухал биш. Заримдаа бид хоёр өөр саналтай байдаг. Ийм үед юманд наанатай цаанатай хандаж, уужим сэтгэлтэй байх хэрэгтэй юм билээ» гэжээ.

ОРОЛДООД ҮЗ: Хоёулаа сууж байгаад асуудлыг яаж шийдэж болохыг жагсааж бичээрэй. Тэгээд бичсэнээ хэлэлцэж хоёулаа санал нийлэх шийдвэрт хүрээрэй. Гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгож байна уу, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээ ойрын хугацаанд, цаг товлоод ярилцаарай.

Ханиа дэмжээрэй

Есүс нөхөр эхнэрийн талаар «Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж хэлсэн (Матай 19:6). «Хамтад нь нийлүүлэх» гэж орчуулсан грек үг нь «нэг буулганд оруулах» гэсэн утгатай. Есүсийн үед, хүмүүс модон буулганд хоёр мал хөллөн ачаа зөөж, газар хагалдаг байжээ. Адгуус өөр өөр зүг рүү зүтгэвэл хүчээ хий дэмий барна. Буулга хүзүүг нь үрж зовооно. Харин хүч хавсарвал хүнд хүчир ажлыг ч ядах юмгүй хийнэ.

Үүнтэй адилаар, нөхөр эхнэр хоёр өөр өөрсдийнхөөрөө зүтгэвэл хэн хэнийгээ зовооно. Харин санаа нэгтэй байвал шийдэж чадахгүй асуудал гэж бараг байхгүй. Гэр бүлээ сайхан авч яваа Калала: «Эхнэр бид хоёр ханилаад 25 жил болж байна. Асуудлаа яаж шийддэг вэ гэхлээр илэн далангүй ярилцдаг, ханийнхаа оронд өөрийгөө тавьдаг, Еховагаас тусламж гуйж залбирдаг, Библийн зарчмыг хэрэгжүүлдэг» гэжээ. Та хоёр яах вэ?

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.

  • Би ханьтайгаа юуны түрүүнд ямар асуудлын тухай ярилцах вэ?

  • Ханийнхаа яг юу бодож байгааг ойлгосон эсэхээ яаж магадлах вэ?

  • Дандаа өөрийнхөөрөө зүтгээд байвал ямар гай удах вэ?

^ Зарим нэрийг өөрчлөв.