Skip to content

Гарчиг руу орох

Тахилч хаад хүн төрөлхтөнд ач тус хүртээнэ

Тахилч хаад хүн төрөлхтөнд ач тус хүртээнэ

«Та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм» (1 ПЕТР 2:9).

1. «Эзэний Зоогийг» бас Дурсах цуглаан гэж нэрлэдгийн учир юу вэ? Ямар зорилготой арга хэмжээ вэ?

 МЭ 33 оны нисан сарын 14-ний үдэш Есүс Христ 12 элчтэйгээ иудейчүүдийн Дээгүүр өнгөрөх баярыг сүүлчийн удаа тэмдэглэжээ. Тэрбээр урвагч Искариотын Иудасыг явуулмагцаа «Эзэний Зоог» хэмээн хожим нэрлэгдэх болсон өөр нэг ёслол үйлдсэн (1 Кор. 11:20). Есүс: «Намайг дурсан үүнийг үйлд» гэж хоёр ч удаа хэлсэн. Энэ үйл явдлыг бас Дурсах цуглаан гэдэг. Энэ өдөр Христийн нас барсныг онцлон дурсдаг (1 Кор. 11:24, 25). Еховагийн Гэрчүүд энэ тушаалыг сахин, дэлхий даяар жил бүр Дурсах цуглаан хийдэг. Еврей тооллын нисан сарын 14-ний өдөр нь аргын тооллын 2012 оны 4 дүгээр сарын 5-ны пүрэв гаригийн орой нар жаргахад эхэлнэ.

2. Есүс талх, дарсны талаар юу хэлсэн бэ?

2 Тэр үдэш Есүс юу хэлж, юу хийснийг шавь Лук ийнхүү тэмдэглэн үлдээжээ. «Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө „Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд“ гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, „Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм“ [гэв]» (Лук 22:19, 20). Элч нар энэ үгийг юу гэж ойлгосон бэ?

3. Элч нар талх, дарсны учрыг юу гэж ойлгосон бэ?

3 Иерусалимын сүмд Бурханд зориулан амьтнаар өргөдөг тахилын талаар элч нар сайн мэддэг байв. Еховагийн сайшаалыг хүлээх зорилгоор өргөдөг тэр тахилуудын дунд нүглийг бэлгэдлийн утгаар цайруулдаг тахил олон байсан (Лев. 1:4; 22:17–29). Тийм учраас, өөрсдийнх нь төлөө биеэ өгнө, цусаа асгаруулна гэж Есүсийг хэлэхэд элч нар төгс амиа тахил болгон өргөх тухай хэлж байгааг нь ойлгожээ. Есүсийн өргөх тахил, амьтнаар өргөдөг тахилаас илүү чухал ач холбогдолтой байлаа.

4. Есүс: «Энэ [аяга] ... Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» гэж хэлсэн нь ямар учиртай байсан бэ?

4 Тэгвэл, «Энэ [аяга] ... Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» гэж Есүсийн хэлснийг юу гэж ойлгох вэ? Элч нар Иеремиа 31:31–33-т байдаг шинэ гэрээний тухай зөгнөлийг мэддэг байсан (Уншина уу). Мосегоор зуучлуулан Израильтай байгуулсан Еховагийн Хуулийн гэрээг шинэ гэрээгээр солих болсныг Есүс хэлжээ. Энэ хоёр гэрээ хоорондоо холбоотой байсан уу?

5. Хуулийн гэрээгээр израильчуудад ямар завшаан олдсон бэ?

5 Тийм ээ, энэ хоёр гэрээний зорилго хоорондоо нягт холбоотой байсан. Ехова Израильтай Хуулийн гэрээ байгуулахдаа «Хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмний дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно» гэж айлдсан (Ег. 19:5, 6). Израильчууд үүнийг юу гэж ойлгосон бэ?

«ТАХИЛЧ НАРЫН ХААНЧЛАЛЫН» ТУХАЙ АМЛАЛТ

6. Хуулийн гэрээний ачаар ямар амлалт биелэх ёстой байсан бэ?

6 Израильчууд «гэрээ» гэдэг үгийг ойлгодог байсан. Учир нь Ехова тэдний өвөг эцэг Ноа Абрахам нартай гэрээ байгуулж байсан билээ (Эх. 6:18; 9:8–17; 15:18; 17:1–9). Абрахамтай гэрээ байгуулахдаа «Газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно» гэж амласан (Эх. 22:18). Энэ амлалтаа биелүүлэхийн тулд Хуулийн гэрээ байгуулжээ. Үүний үндсэн дээр Израиль «бүх ард түмний дундах [Еховагийн] эзэмшил» болсон. Зорилго нь юу вэ? Еховагийн «тахилч нарын хаанчлал» болох ажээ.

7. «Тахилч нарын хаанчлал» гэдэг үг ямар утгатай байсан бэ?

7 Израильчуудын мэдэх хаад, тахилчдын дотроос зөвхөн Мелхизедек гэдэг хүн хааны ч, тахилчийн ч алба хашдаг, Ехова үүнийг нь сайшаадаг байжээ (Эх. 14:18). Ехова Хуулийн гэрээ байгуулснаар Израилийн ард түмэнд «тахилч нарын хаанчлалтай» болох завшаан олгосон. Энэ нь «хаант тахилч нар» буюу тахилчаар үйлчилдэг хаан болно гэсэн үг болохыг хожим нь Бурхны сүнсээр удирдуулан бичсэн Сударт тэмдэглэжээ (1 Петр 2:9).

8. Бурхны томилсон тахилч нар юу хийдэг вэ?

8 Хаан хүн улс орноо удирдан захирдаг. Тэгвэл тахилч юу хийдэг вэ? Еврей 5:1-д «Хүмүүсийн дундаас авагдсан тэргүүн тахилч бүр бэлэг болоод нүглүүдийн төлөө тахилуудыг өргөхийн тулд Бурханд хамаарах юмс дотор хүмүүсийн төлөө томилогддог» гэжээ. Тэгэхлээр томилогдсон тахилч бусдыг төлөөлж, Бурханд тахил өргөн, тэдний нүглийг уучилж өгөхийг гуйдаг. Бас Бурхныг төлөөлөн, хууль тушаалыг нь хүмүүст заадаг (Лев. 10:8–11; Мал. 2:7). Еховагийн томилсон тахилч ийнхүү хүмүүсийг Бурхантай эвлэрүүлэх ажил хийдэг.

9. а) Израильчууд хаан, тахилч болохын тулд ямар болзол хангах ёстой байсан бэ? б) Ехова яагаад израильчуудын заримыг тахилчаар томилсон бэ? в) Тахилчид Мосегийн хуулийн дагуу тахил өргөсөн ч израильчууд бүгдээрээ тахилч хаад болж чадаагүйн учир юу вэ?

9 Тийнхүү Ехова Хуулийн гэрээний үндсэн дээр израильчуудад «бүх ард түмний» тусын тулд тахилч хаад болох завшаан олгосон билээ. Гэхдээ «Хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал» гэсэн болзол тавьсан. Израильчууд Еховагийн дуу хоолойг дуулгавартай дагасан болов уу? Тодорхой хэмжээгээр дагасан. Харин төгс дуулгавартай байж чадаагүй (Ром 3:19, 20). Ийм шалтгааны улмаас Ехова израильчуудыг бүгдийг нь бус харин зарим хүнийг сонгон тахилч болгосон. Тэд хааны эрх мэдэлгүй ч израильчуудын нүглийн төлөө амьтнаар тахил өргөх ажлыг хэсэг хугацаанд хийх шаардлагатай байлаа (Лев. 4:1—6:7). Тахилчид өөрсдийн нүглийн төлөө бас тахил өргөдөг байв (Евр. 5:1–3; 8:3). Ехова тахилыг нь хүлээж авдаг ч тухайн хүний өргөсөн тахил нүглийг нь бүрэн цайруулж чаддаггүй байсан. Хуулийн гэрээгээр тахилч болсон хүмүүс чин үнэнч хүнийг ч Бурхантай бүрмөсөн эвлэрүүлж чаддаггүй байв. Энэ тухай элч Паул: «Бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй» гэжээ (Евр. 10:1–4). Израильчууд Мосегийн хуулийг зөрчдөг байсан учраас хараагдсан (Гал. 3:10). Үүний улмаас «бүх ард түмний» төлөө тахилч хаад болж чадаагүй.

10. Хуулийн гэрээ ямар зорилготой байсан бэ?

10 Тэгвэл Ехова израильчуудыг бүгдийг нь тахилч хаад болгоно гэж хоосон амласан уу? Хаанаас даа. Хэрэв тэд дуулгавартай байх гэж чин сэтгэлээсээ хичээвэл ийм завшаан эдлэх байв. Гэхдээ Хуулийн гэрээгээр биш юм. Яагаад? (Галат 3:19–25-ыг уншина уу). Хуулийн гэрээний зорилгыг саная. Мосегийн хууль дуулгавартай израильчуудыг хуурамч шүтлэгээс хамгаалж, нүгэлтэйг нь сануулж, тэргүүн тахилчийн өргөдгөөс илүү агуу тахил хэрэгтэйг ойлгуулдаг байсан. Түүнчлэн тэднийг «Тослогдсон Нэгэн» гэсэн утгатай Христ буюу Мессиа руу хандуулах «зааварлагч» болдог байв. Харин Мессиа ирэхлээрээ Иеремиагийн зөгнөлд гардаг шинэ гэрээг таниулах ёстой байв. Христийг хүлээн авсан хүмүүс шинэ гэрээнд багтаж, тахилч хаад болох ажээ. Яаж гэдгийг нь одоо үзье.

ШИНЭ ГЭРЭЭ ТАХИЛЧ ХААДЫГ ТӨРҮҮЛДЭГ

11. Есүс хэрхэн тахилчийн хаанчлалын суурь болсон бэ?

11 МЭ 29 онд Назарын Есүс Мессиагаар тодорчээ. Тэрбээр 30-аад настайдаа Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн гэдгээ харуулж усаар баптисм хүртсэн. Ехова түүнийг тосоор бус, ариун сүнсээр тослон, «Миний хайрт Хүү» хэмээн хэлсэн (Мат. 3:13–17; Үйлс 10:38). Ингэж Есүс өөрт нь итгэдэг бүх хүний Тэргүүн Тахилч, ирээдүйн Хаан болон томилогджээ (Евр. 1:8, 9; 5:5, 6). Дараа нь тэрбээр өөр хүмүүст жинхэнэ хаан, тахилчаар үйлчлэх завшаан олгосон.

12. Есүсийн золих тахил ямар ямар боломж нээсэн бэ?

12 Тэргүүн Тахилч Есүс өөрт нь итгэдэг хүмүүсийн өвлөж авсан нүглийг бүрэн цайруулах ямар тахил өргөсөн бол? Тэрбээр үхлийг нь дурсан тэмдэглэж байхыг захихдаа төгс хүмүүн амиа тахил болгон өргөхөө хэлжээ (Еврей 9:11, 12-ыг уншина уу). Есүс МЭ 29 онд баптисм хүртэн Тэргүүн Тахилчаар томилогдсон цагаасаа эхлэн үхэн үхтэлээ соригдож, «дуулгавартай байдалд суралцсан» (Евр. 4:15; 5:7–10). Амилаад тэнгэрт гарч, тахилынхаа үнэ цэнийг Еховад өргөн барьсан (Евр. 9:24). Дараа нь, золиосонд итгэдэг хүмүүсийн төлөө Еховад «зуучлан залбирч», мөнх амьдарна гэсэн итгэлтэйгээр Бурханд үйлчлэхэд нь туслах болсон (Евр. 7:25). Есүсийн золих тахил шинэ гэрээг хүчин төгөлдөр болгосон (Евр. 8:6; 9:15)

13. Шинэ гэрээнд оролцогчид ямар ирээдүйтэй вэ?

13 Шинэ гэрээнд оролцогчид ч бас ариун сүнсээр тослогдох ёстой байв (2 Кор. 1:21). Тэдний тоонд эхлээд үнэнч иудейчүүд, хожим нь харь үндэстнүүд багтсан (Еф. 3:5, 6). Шинэ гэрээнд оролцогчид ямар ирээдүйтэй вэ? Нүглээ бүрэн уучлуулна. Ехова: «Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй» хэмээн амласан билээ (Иер. 31:34). Нүглийг нь хууль ёсоор цагаатгасан учраас тэд хаан, тахилч болох боломж бүрдсэн. Петр тослогдсон христиануудад «Та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм» гэжээ (1 Петр 2:9). Израильчуудад Хууль өгөхдөө хэлсэн Еховагийн үгийг Петр энд иш татсан бөгөөд шинэ гэрээнд оролцогч христиануудад хамаатай болохыг онцолсон (Ег. 19:5, 6).

ТАХИЛЧ ХААД ХҮН ТӨРӨЛХТӨНД АЧ ТУС ХҮРТЭЭНЭ

14. Шинэ гэрээнд оролцогчид хаана үйлчлэх вэ?

14 Шинэ гэрээнд оролцогчид хаана үйлчлэх вэ? Дэлхий дээр бүлгээрээ тахилчийн үүрэг гүйцэтгэж, Еховагийн нэрийн өмнөөс хүмүүст «Түүний давуу чанаруудыг» тунхаглана (Мат. 24:45; 1 Петр 2:4, 5). Харин үхээд амилсныхаа дараа Христтэй хамт тэнгэрт жинхэнэ утгаар тахилч хаадын үүрэг гүйцэтгэнэ (Лук 22:29; 1 Петр 1:3–5; Илч. 1:6). Элч Иохан үүнийг батлах үзэгдэл үзжээ. Уг үзэгдэлд, Еховагийн сэнтийн хажууд байх үй олон сүнсэн бүтээл: «Бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ. Та тэднийг бидний Бурханы төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно» хэмээн «Хурганд» зориулан «шинэ дуу» дуулж байлаа (Илч. 5:8–10). Иохан өөр нэг үзэгдэл үзэж, эдгээр удирдагчийн талаар «Тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно» гэж хэлжээ (Илч. 20:6). Тэд хүн төрөлхтний сайн сайхны төлөө Христтэй хамт хаан, тахилчаар үйлчилнэ.

15, 16. Тахилч хаад хүн төрөлхтөнд ямар ач тус хүртээх вэ?

15 144 000 хүн дэлхийд амьдрах хүмүүст ямар ач тус хүртээх вэ? «Илчлэлт» номын 21-р бүлэгт тэднийг тэнгэрийн хот буюу шинэ Иерусалим гэж дүрслэн, «Хурганы эхнэр» хэмээн нэрлэсэн байдаг (Илч. 21:9). Уг бүлгийн 2–4-р зүйлд «Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Сэнтийнээс чанга дуу гарахыг би сонсов. „Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» гэж байдаг. Ямар гайхалтай ивээл бэ! Үхэл устгагдах учир уйлах, гашуудах, өвдөх гэж үгүй болно. Тэгээд үнэнч хүмүүс төгс болж, Бурхантай бүрмөсөн эвлэрнэ.

16 Илчлэлт 22:1, 2-т тахилч хаад ямар ивээл авчрахыг дүрсэлжээ. «Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах талст мэт гялалзсан амийн усны голыг үзүүлсэн нь [шинэ Иерусалимын] гудамжных нь төвд байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв». Бэлгэдлийн энэхүү арга хэмжээний ачаар «үндэстнүүд» буюу хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүл Адамаас өвлөж авсан төгс бус байдлаас бүрэн чөлөөлөгдөнө. Тийм ээ, үнэхээр «анхны юмс өнгөрөн одно».

ТАХИЛЧ ХААД ЗОРИЛГОО БҮРЭН БИЕЛҮҮЛНЭ

17. Мянган жилийн эцэс гэхэд тахилч хаад юу хийж гүйцэтгэсэн байх вэ?

17 Мянган жилийн эцэс гэхэд тахилч хаад хүмүүсийг төгс болгоно. Дараа нь Тэргүүн Тахилч, Хаан Христ төгс хүн төрөлхтнийг Еховад хүлээлгэж өгнө (1 Коринт 15:22–26-г уншина уу). Ингэж тахилч хаад зорилгоо бүрэн биелүүлнэ.

18. Тахилч хаадыг үүрэгт ажлаа гүйцэтгэсний дараа Ехова тэднээр юу хийлгэх вэ?

18 Энэ бүхний дараа Ехова тахилч хаадаар юу хийлгэх вэ? Илчлэлт 22:5-д «Тэд үеийн үед хаанчлах болно» гэсэн байдаг. Хэнийг захирах вэ? Энэ тухай Библид бичээгүй. Гэхдээ тэд Еховагийн хувьд их үнэ цэнэтэй хэвээрээ байна. Үл муудах, үхэшгүй мөнх амьтай, төгс бус хүн төрөлхтөнд тусалж байсан арвин их туршлагатай тэд хаад хэвээрээ байж, Еховагийн санаа зорилгыг үүрд биелүүлнэ.

19. Дурсах цуглаанд хүрэлцэн ирсэн хүмүүс юу санах вэ?

19 Бид 2012 оны 4 дүгээр сарын 5-ны пүрэв гаригт болох Христийн нас барсныг дурсах арга хэмжээнд хүрэлцэн ирээд, Библийн эдгээр сургаалыг санах болно. Дэлхий дээр байгаа тослогдсон христиануудаас үлдсэн цөөн хэдэн хүн шинэ гэрээнд оролцогчид гэдгээ батлан харуулж, бэлгэдлийн идээ болох исгээгүй талх, улаан дарснаас хүртэнэ. Бурхны мөнхийн санаа зорилгыг биелүүлэх завшаан эдэлж, хариуцлагатай үүрэг хүлээхийг нь Христийн золих тахилын энэхүү бэлгэдэл тэдэнд сануулдаг. Бүх хүн төрөлхтөнд тахилч хаадаар уламжлуулан ивээлээ хүртээх арга хэмжээ авсан Ехова Бурхандаа гүнээ талархаж Дурсах цуглаанд очицгооё.

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны зураг]

Тахилч хаад хүн төрөлхтөнд мөнхийн ач тус хүртээнэ