Библи судалж, залбирлаа баяжуулагтун
Библи судалж, залбирлаа баяжуулагтун
«Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг» (НЕХ. 1:11).
1, 2. Библид бичигдсэн залбирлын заримыг авч үзэх нь ямар ач холбогдолтой вэ?
ЗАЛБИРАХ болон Библи судлах нь жинхэнэ шүтлэгийн салшгүй хэсэг юм (1 Тес. 5:17; 2 Тим. 3:16, 17). Библи бол залбирлын ном биш ээ. Гэхдээ Библид, ялангуяа, «Дуулал» номд олон залбирал байдаг.
2 Та Библи уншиж, судлах явцдаа нөхцөл байдалдаа тохирсон залбирал олдог биз ээ. Үнэндээ, Библид бичигдсэн залбирлаас санаа авбал залбирлаа баяжуулж болдог. Бурхнаас тусламж гуйгаад, залбирлынхаа хариуг авсан хүмүүсээс юу сурч, тэдний залбирлаас юу мэдэж болох вэ?
Бурхны удирдлагыг хайх ба дагах нь
3, 4. Абрахамын зарц ямар даалгавартай явсан бэ? Еховагийн ачаар даалгавраа амжилттай биелүүлснээс нь юу ойлгож болох вэ?
3 Бурхнаас удирдлага гуйж цаг ямагт залбирах хэрэгтэй нь Библи судлахлаар тодорхой болдог. Бурхны эртний үнэнч үйлчлэгч Абрахам хүү Исаактаа Бурхнаас эмээдэг эхнэр олуулахаар хамгийн ахмад зарцаа (тэр нь Елиезер байсан бололтой) Месопотами руу явуулахад юу болсныг үзье. Хотын охидыг ус авахаар гарч ирэхэд өнөөх зарц: «ЭЗЭН! ... Би ... нэгэн охинд: „Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу“ гэхэд тэр бүсгүй: „Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье“ гэж хэлбэл тэр нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн мөн болно. Түүгээр Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг би мэднэ» гэж залбирчээ (Эх. 24:12–14).
4 Ребека тэмээнүүдийг нь услахад Бурхан залбиралд нь хариулсныг зарц ойлгожээ. Ребека ч удалгүй түүнийг даган явж Канаанд очоод, Исаакийн хайртай эхнэр болдог. Эдүгээ Бурхан ямар нэгэн тусгай тэмдэг өгдөггүй нь үнэн. Гэхдээ өөрт нь залбирдаг, сүнсээр нь удирдуулах чин хүсэлтэй хүнийг амьдралын их замд удирддаг (Гал. 5:18).
Залбирал түгшсэн сэтгэлийг тайвшруулдаг
5, 6. Иаковын залбирлын юу нь онцлон тэмдэглүүштэй вэ?
5 Залбирал түгшсэн сэтгэлийг тайвшруулдаг. Иаков ихрийн өрөөсөн, ах Есавыгаа өөрт нь аюул учруулах вий гэж айсандаа: «ЭЗЭН минь! ... Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. ... Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна. Та „Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө“ гэж хэлсэн биз дээ» гэж залбирчээ (Эх. 32:9–12).
6 Иаков ийн залбирчихаад дэмий суулгүй, гэр бүлийнхнийгээ хамгаалахын тулд тодорхой арга хэмжээ авсан. Тэгэхэд Есав өөртэй нь эвлэрсэн нь залбирлынх нь хариу байв (Эх. 33:1–4). Залбирлыг нь анхааралтай уншихад Иаков тусламж гуйгаад зогсохгүй амласан Үрд итгэдгээ хэлж, Бурхныг хайр ерөөлөө хүртээдэгт талархсан нь харагддаг. Танд «дотроо айдастай» байх үе гардаг уу? (2 Кор. 7:5). Тийм бол, Иаковын жишээг бодож, түгшсэн сэтгэлийг залбирал тайвшруулдгийг санаарай. Гэхдээ залбирал гэдэг дан ганц гуйлт бус, бас итгэлийн илэрхийлэл байх учиртай.
Мэргэн ухаан гуйж залбирах нь
7. Мосе Еховагийн замуудыг мэдэх гэж залбирсан нь ямар учиртай вэ?
7 Еховад таалагдъя гэсэн сэтгэл мэргэн ухаан гуйж залбирах хүсэл төрүүлдэг. Мосе Бурхны замуудыг мэдэх гэж залбиран: «Хараач, Та [Ехова] надад „Энэ ард түмнийг [Египетээс] авчир“ гэж айлддаг ... Одоо тэгэхлээр би Танд залбиръя. Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч ... Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм» хэмээжээ (Ег. 33:12, 13). Хариуд нь Бурхан Мосед замуудынхаа тухай илүү их мэдлэг өгсөн. Мосе Еховагийн ард түмнийг удирдах байсан тул тийм мэдлэг зайлшгүй хэрэгтэй байв.
8. Хаадын дээд 3:7–14-ийг эргэцүүлэн бодвол ямар ач тус хүртэж болох вэ?
8 Бас Давид: «ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч» гэж залбирсан байдаг (Дуу. 25:4). Давидын хүү Соломон Израилийн хааны албыг хашихад шаардагдах мэргэн ухаан гуйсан. Ехова Соломоны энэ залбирлыг таалж, юу гуйсныг нь төдийгүй эд баялаг, нэр хүндийг бас өгсөн (Хаадын дээд 3:7–14-ийг уншина уу). Та хэр чадлаас тань хэтэрсэн мэт санагдах үүрэг хариуцлага хүлээхээр болсон бол мэргэн ухаан гуйж залбираад даруу байгаарай. Тэгвэл Бурхан таныг үүргээ зөв зохистой бөгөөд хайрын сэтгэлээр биелүүлэхэд шаардагдах мэдлэг эзэмшиж, мэргэн байхад тусална.
Зүрх сэтгэлээсээ залбирах нь
9, 10. Сүмийг Еховад зориулах ёслолын үеэр залбирахдаа Соломон зүрх сэтгэлийн талаар ямар чухал зүйл хэлсэн бэ?
9 Залбирлаа Бурханд сонсгоё гэвэл зүрх сэтгэлээсээ залбирах ёстой. МЭӨ 1026 онд Иерусалим дахь сүмийг Еховад зориулах ёслолын үеэр Соломон ард олны өмнө зүрх сэтгэлээсээ залбирсан нь «Хаадын дээд» номын 8 дугаар бүлэгт бичигдсэн байдаг. Гэрээний авдрыг Ариунаас ариун газар байрлуулахад Еховагийн үүл сүмийг дүүргэж, Соломон Бурхныг магтан алдаршуулсан.
10 Соломоны залбиралд анхаарлаа хандуулж, зүрх сэтгэлийн тухайд юу гэснийг нь үзье. Ехова ганцаараа хүний зүрх сэтгэлийг мэддэг гэдгийг Соломон хүлээн зөвшөөрсөн байдаг (Х.дээд 8:38, 39). Нүгэл үйлдсэн хүн Бурхан руу бүх зүрх сэтгэлээрээ эргэвэл найдвар бий гэдгийг ч бас хэлжээ. Бурхны ард түмэн дайсанд олзлогдлоо гэхэд Еховад зүрх сэтгэлээ бүрэн зориулбал гуйлтыг нь сонсоно гэсэн байдаг (Х.дээд 8:48, 58, 61). Тэгэхлээр, залбирал зүрх сэтгэлээс гарах ёстой байх нь ээ.
«Дуулал» номыг судалж залбирлаа баяжуулах нь
11, 12. Бурхны асарт очих боломжгүй байсан леви хүний хэрхэн залбирснаас юу ойлгож болох вэ?
11 «Дуулал» номыг судалбал залбирлаа баяжуулахаас гадна Бурхныг залбиралд хариулна хэмээн найдан хүлээж сурна. Олзонд байсан нэгэн леви хүний жишээг үзье. Тэрбээр хэсэг хугацаанд Еховагийн асарт очих боломжгүй байсан боловч «Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ? Бурханд найд, учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг, Түүнийг л магтах болно» гэж дуулжээ (Дуу. 42:11; 43:5).
12 Энэ леви хүнээс юу сурч болох вэ? Зөвт байдлын төлөө шоронд орж, шүтлэг мөргөлийн газраа итгэл нэгтнүүдтэйгээ хамт байх аргагүй байлаа гэхэд өөрийн тань төлөө Бурхан арга хэмжээ авна гэж найдан хүлээгээрэй (Дуу. 37:5). Урьд нь Бурханд үйлчлэн ямар их баяр баясгалан эдэлж байснаа эргэцүүлэн бодож, ард түмэнтэй нь нэгдэн, чөлөөтэй үйлчлэх боломж олгоно гэж «Бурханд найдан» хүлээнгээ тэвчээртэй байхад туслахыг гуйж залбираарай.
Итгэлтэйгээр залбирах нь
13. Иаков 1:5–8-д бичсэнийг үзвэл, итгэлтэйгээр залбирах хэрэгтэйн учир юу вэ?
13 Ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд байсан итгэлтэйгээр залбирч байгаарай. Хэрэв танд сорилт тулгарч байгаа бол Иаковын зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Еховад залбирч, учирсан сорилтыг давахад хэрэг болох мэргэн ухааныг өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаарай (Иаков 1:5–8-ыг уншина уу). Бурхан танд ямар сорилт тулгараад байгааг мэдэж байгаа бөгөөд таныг сүнсээрээ удирдаж, тайвшруулж чадна. Бүрэн дүүрэн итгэлтэйгээр, «ямар ч эргэлзээгүйгээр», сэтгэлээ уудлан Бурхандаа залбирч, сүнсээр нь дуртайяа удирдуулж, Үгээрээ өгдөг зөвлөгөөг нь хүлээж аваарай.
14, 15. Ханнаг итгэлтэйгээр залбирдаг хүн гэхийн учир юу вэ?
14 Елкана гэдэг леви хүний хоёр эхнэрийн нэг болох Ханна бол итгэлээ залбирал болон үйл хэргээрээ харуулдаг хүн байжээ. Үрийн зулай үнэрлээгүй Ханнаг нөхрийнх нь нөгөө эхнэр, хэдэн хүүхдийн эх болсон Пенинна дорд үздэг байв. Ханна асарт очоод Еховад залбирахдаа хүүтэй болбол өөрт нь өгч үйлчлүүлнэ гэж амлажээ. Ийн залбирч байхад нь уруул нь үл мэдэг хөдөлж байхыг харсан тэргүүн тахилч Ели түүнийг согтуу байна гэж боджээ. Гэхдээ согтуу биш байсныг нь мэдээд: «Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай!» гэж хэлдэг. Ханна эцэст нь юу болохыг яг таг мэдэхгүй байсан ч Бурхныг залбиралд нь хариулна гэж итгэж байсан. Тэгээд «нүүр царай нь уйтгар гуниггүй болов» (1 Сам. 1:9–18).
15 Ханна Самуел гэдэг хүү төрүүлж, хөхнөөс гарсных нь дараа Еховад үйлчлүүлэхээр асарт аваачдаг (1 Сам. 1:19–28). Ханнагийн залбирлыг зав чөлөө гарган бодож үзвэл залбирлаа баяжуулах боломжтой. Бас Еховаг хариулна гэсэн итгэлтэйгээр залбирахад сэтгэлийн зовлонгоос үүдэлтэй уйтгар гуниг арилдгийг ойлгоход тус болно (1 Сам. 2:1–10).
16, 17. Нехемиаг итгэлтэйгээр залбирахад юу болсон бэ?
16 Итгэлээ залбирал болон үйл хэргээрээ харуулсан бас нэг хүн бол МЭӨ V зуунд амьдарч байсан Нехемиа гэдэг зөв шударга хүн юм. Тэрбээр: «Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч» гэж залбирсан байдаг. «Энэ хүн» гэж хэнийг хэлсэн юм бол? Персийн хаан Артаксерксийг хэлсэн бөгөөд Нехемиа түүний сөнчөөр үйлчилдэг байв (Нех. 1:11).
17 Нехемиа Вавилоны олзноос суллагдсан иудейчүүд «туйлын зовлон зүдгүүр эдлэн басамжлагдаж байгаа бөгөөд Иерусалимын хэрэм нурсан» хэвээрээ байгааг дуулаад хэдэн өдрийн турш итгэлтэйгээр залбирчээ (Нех. 1:3, 4). Тэгтэл нөхцөл байдал бодож байснаас нь ч илүүгээр нааштай эргэж, Артаксеркс хаан түүнд Иерусалим руу явж, хэрмийг сэргээн барихыг зөвшөөрсөн нь залбирлынх нь хариу байв (Нех. 2:1–8). Нехемиа ч удалгүй хотын хэрмийг сэргээн барьжээ. Тэрбээр жинхэнэ шүтлэгийг залбирлынхаа гол сэдэв болгож, итгэлтэйгээр залбирсан учир Бурхан хариулсан. Та бас тийн залбирдаг уу?
Магтаж, талархахыг мартахгүй байх нь
18, 19. Еховаг магтаж, Еховад талархах ямар ямар шалтгаан байдаг вэ?
18 Залбирахдаа Еховаг магтаж, талархахаа бүү мартаарай. Бурхныг магтаж, талархах үнэхээр олон шалтгаан байдаг шүү дээ. Жишээ нь, Давид Еховаг «хаанчлалынх» нь төлөө магтан алдаршуулсан (Дуулал 145:10–13-ыг уншина уу). Та Хаанчлалыг тунхаглах завшаан олгосонд нь Еховад талархан залбирдаг уу? Еховад залбирч, цуглаан, чуулганы төлөө чин сэтгэлээсээ талархдагаа хэлэхэд «Дуулал» номын зарим үг хэллэг тус болох болов уу (Дуу. 27:4; 122:1).
19 Бурхантай тогтоосон эрхэм харьцаагаа үнэлдэг хэн боловч «Өө Эзэн, би хүмүүсийн дунд Танд талархал өргөнө. Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна. Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд Таны үнэн үүлсэд тулам агуу билээ. Өө Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг» хэмээсэн залбирлаас санаа авч чин сэтгэлээсээ залбирч болох юм (Дуу. 57:9–11). Энэ залбирал үнэхээр сайхан санаа илэрхийлсэн байгаа биз. «Дуулал» номд гардаг сэтгэл хөдөлгөм иймэрхүү үгс таны ч залбирлыг баяжуулна гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү?
Гүн хүндэтгэлтэйгээр залбирах нь
20. Мариа Бурхныг гүнээ хүндэтгэдэг байсан нь юунаас харагддаг вэ?
20 Бурхныг гүнээ хүндэтгэдэг маань залбирлаас харагдах учиртай. Мессиагийн эх болохоо мэдээд Бурхныг хүндэтгэн хэлсэн Мариагийн үг нь бяцхан хүү Самуелаа асарт үйлчлүүлэхээр авч ирээд хэлсэн Ханнагийн үгтэй төстэй байдаг. Мариа: «Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ, сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан» гэж хэлсэн нь Бурхныг гүнээ хүндэтгэдэг байсныг харуулдаг (Лук 1:46, 47). Та ч бас иймэрхүү үгээр залбирлаа баяжуулбал ямар вэ? Бурхан өөрийг нь гүнээ хүндэтгэдэг Мариаг Мессиагийн үүрэг гүйцэтгэх Есүсийн эх болгохоор сонгосны учир ойлгомжтой.
21. Есүс Бурхныг гүнээ хүндэтгэдэг, итгэлтэй хүн байсныг залбирал нь хэрхэн харуулдаг вэ?
21 Есүс бас бүрэн итгэлтэйгээр, Бурхныг гүнээ хүндэтгэн залбирдаг байсан. Жишээ нь, тэрбээр Лазарыг амилуулахаасаа өмнө «дээшээ харан: „Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн“» гэж залбирсан (Иох. 11:41, 42). Та бас залбирахдаа Бурханд тийм гүн хүндэтгэлтэй хандаж, итгэлтэй байдаг уу? Есүсийн жишээ залбирлыг анхааралтай авч үзэхлээр, Еховагийн нэр, Хаанчлал, хүсэл тааллынх нь талаар залбирахын чухал нь харагддаг (Мат. 6:9, 10). Та юуны талаар залбирдгаа бодож үзээрэй. Та Еховагийн Хаанчлал ирээсэй, хүсэл таалал нь биелээсэй, нэр нь ариусаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэгээ залбирлаараа илэрхийлдэг биз дээ?
22. Ехова сайн мэдээ тунхаглах эр зориг өгдөг гэдэгт итгэлтэй байж болохын учир юу вэ?
22 Бид хавчлага юм уу эсэргүүцэлтэй тулгардаг учир эр зоригтой үйлчлэхэд туслахыг Еховагаас гуйж залбирах үе цөөнгүй байдаг. Иудейн Дээд шүүх Петр Иохан хоёрыг «Есүсийн нэрээр огт ярьж, сургахгүй байхыг тушаахад» тэд эр зориг гарган ярьж, сургасаар байсан (Үйлс 4:18–20). Тэд шоронгоос суллагдсаныхаа дараа итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж, болсон явдлын талаар ярьдаг. Тэгээд бүгдээрээ хамт Бурханд залбирч, үгийг нь ярих зүрх зориг өгөхийг гуйдаг. Тэд залбирлынхаа хариуг аван, «ариун сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж» чадсандаа яасан их баярласан бол оо! (Үйлс 4:24–31-ийг уншина уу). Энэ бүхний дүнд их олон хүн Еховаг шүтдэг болсон. Залбирал танд ч гэсэн сайн мэдээг эр зоригтой тунхаглах хүч өгнө.
Залбирлаа байнга баяжуулагтун
23, 24. а) Залбирлаа баяжуулахад тус болох Библийн өөр ямар жишээг дурдаж болох вэ? б) Та залбирлаа баяжуулахын тулд юу хийе гэж бодож байна вэ?
23 Библи уншиж, судалбал залбирлын өөр олон жишээ олж, залбирлаа баяжуулж болно. Тухайлбал, «Аврал ЭЗЭНээс ирдэг» хэмээсэн Ионагийн залбирлаас санаа авч болно (Иона 2:1–10). Хэрэв та ноцтой нүгэл үйлдсэнээсээ болж шаналж яваа бөгөөд ахлагчдаас тусламж авсан бол гэмшиж байгаагаа хэлж ганцаараа залбирахад Давидын залбирал тус болж болох юм (Дуу. 51:1–12). Бас Иеремиагийн жишээгээр Еховаг магтаж болно шүү дээ (Иер. 32:16–19). Хэрэв та хань ижил хайж байгаа бол «Езра» номын 9 дүгээр бүлэгт байдаг залбирлыг судлахын зэрэгцээ Бурханд ганцаараа залбирахдаа энэ хүслээ хэлдэг бол «зөвхөн Эзэн дотор» гэрлэх тушаалыг дуулгавартай дагах шийдвэрээсээ няцахгүй байж чадна (1 Кор. 7:39; Езра 9:6, 10–15).
24 Библийг тогтмол уншиж, судалж, бас Библиэс эрэл хайгуул хийж байгаарай. Залбиралдаа оруулж болох санаа хайгаарай. Судраас олж авсан санаагаа талархал, магтаалын залбирал болон гуйлтдаа оруулаарай. Библи судалж залбирлаа баяжуулахын хэрээр та Ехова Бурхантайгаа улам дотно харьцаатай болох нь эргэлзээгүй.
Хариулна уу
• Бурхны удирдлагыг хайж, дагахын учир юу вэ?
• Мэргэн ухаан гуйж залбирах хүслийг юу төрүүлдэг вэ?
• «Дуулал» ном залбирлыг хэрхэн баяжуулдаг вэ?
• Итгэлтэй, гүн хүндэтгэлтэйгээр залбирах ёстойн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]
[8-р хуудасны зураг]
Та Абрахамын зарцын жишээгээр Бурхнаас удирдлага гуйж залбирдаг уу?
[10-р хуудасны зураг]
Гэр бүлээрээ судлах нь залбирлаа баяжуулахад тусалдаг