«Бурханд ойртогтун»
«Бурханд ойртогтун»
«Бурханд ойртогтун. Тэгвэл тэр та нарт ойртоно» (ИАКОВ 4:8).
1, 2. а) Ер нь хүмүүс юу гэж ярьдаг вэ? б) Иаков юу гэж уриалсан бэ? Ямар учраас ийнхүү уриалах хэрэгтэй байсан бэ?
«БУРХАН бидэнтэй хамт». Ийм үгээр хүмүүс үндэсний бэлэг тэмдгээ, тэр байтугай цэргийн дүрэмт хувцсаа чимсэн байдаг. Түүнчлэн, «Бид Бурханд найддаг» гэсэн бичигтэй мөнгөн тэмдэгт болон зоос сүүлийн үед олширчээ. Ер нь хүмүүс өөрсдийгөө Бурхантай ойр дотно харьцаатай гэж хэлэх дуртай байдаг. Гэхдээ тийм харьцаатай байх нь энэ тухай ярьж, уриа лоозон хадахаас илүү ихийг шаарддаг гэдэгтэй та санал нийлнэ биз дээ?
2 Бурхантай харьцаатай байж болдгийг Библи харуулдаг. Гэхдээ энэ харьцаа хар аяндаа бий болчихдоггүй. Нэгдүгээр зууны зарим тослогдсон христиан хүртэл Ехова Бурхантай тогтоосон харьцаагаа бэхжүүлэх шаардлагатай болсон аж. Христиан харгалзагч Иаков зарим хүнд, махан биеийнх нь хандлагыг болон сүнслэг цэвэр байдлаа алдаж буйг нь сануулах хэрэгтэй байжээ. Ингэж зөвлөхдөө тэрээр: «Бурханд ойртогтун. Тэгвэл тэр та нарт ойртоно» хэмээн уриалжээ (Иаков 4:1–12). Иаков «ойртогтун» гэж хэлэхдээ чухам ямар санаа илэрхийлсэн юм бол оо?
3, 4. а) Иаковын «Бурханд ойртогтун» гэж бичсэнийг уншаад хүмүүс юун тухай санах ёстой байсан бэ? б) Бурханд ойртох зам нээлттэй гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
3 Иаков захидлыг нь унших хүмүүсийн ихэнхийнх нь мэддэг үг хэллэгийг ашиглан бичжээ. Мосегийн Хуулиар тахилч нар ард түмний өмнөөс Еховад «ойртон ирэх» тусгай заавар авсан байлаа (Египетээс гарсан нь 19:22). Иймээс Иаковын захидлыг унших хүмүүс, Еховад ойртох гэдэг асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй гэдгийг санах учиртай байжээ. Ехова бол орчлонт ертөнцийн хамгийн дээд эрх мэдэлтэй Нэгэн билээ.
4 Нөгөөтэйгүүр, нэгэн Библи судлаач: «[Иаков 4:8-д бичсэн] уриалга их өөдрөг сэтгэлийг илэрхийлдэг» гэж тэмдэглэжээ. Ехова төгс бус хүмүүсийг өөртөө ойртохыг хайрын сэтгэлээсээ үргэлж урьдаг гэдгийг Иаков мэддэг байжээ (Шастирын дэд 15:2). Есүсийн золих тахил Еховад ойртох замыг илүү өргөн цэлгэр нээсэн билээ (Ефес 3:11, 12). Өнөөдөр Бурханд ойртох зам сая сая хүнд нээлттэй байна! Тэгвэл энэ гайхамшигт боломжийг яаж үр дүнтэй ашиглах вэ? Ехова Бурханд ойртох гурван аргыг товч авч үзье.
Бурхныг үргэлж «таньж мэдэгтүн»
5, 6. Бурхныг «таньж мэдэх» гэдэг үгийн нарийн утгыг Самуелын бага насны жишээ хэрхэн харуулдаг вэ?
5 Иохан 17:3-т бичсэнээр Есүс: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг [«таньж», ШЕ] мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлжээ. Олон орчуулгад энэ зүйлийг «Шинэ ертөнцийн орчуулга»-аас яльгүй ялгаатай хөрвүүлсэн байдаг. Тэдгээрт Бурхныг «таньж мэдэх нь» гэхийн оронд түүнийг «мэдэх» нь юм уу, «мэдсэнээр» гэж буулгажээ. Гэсэн ч, грек эхэд ашигласан үг илүү нарийн утгатай буюу хэн нэгтэй дотно танилцах боломж олгодог үргэлжилсэн үйл ажиллагааг заадаг гэж зарим судлаач үздэг.
6 Бурхныг сайн мэддэг болно гэдэг Есүсийн үеийн хүмүүст цоо шинэ юм биш байв. Жишээлбэл, Самуел бага байхдаа «ЭЗЭНийг хараахан мэддэггүй» байв гэж Еврей Сударт бичсэн байдаг (1 Самуел 3:7). Энэ нь Самуел Бурхныхаа тухай муухан мэддэг байсан гэсэн үг үү? Үгүй ээ. Түүнд эцэг эх нь болон тахилч нар ихийг заасан нь лавтай. Гэхдээ нэгэн Библи судлаачийн тэмдэглэснээр энэ зүйлд ашигласан еврей үгийг «хамгийн дотно танилцсан гэдэг санааг илэрхийлэхийн тулд ашигладаг» ажээ. Тэгэхээр тэр үед Самуел Еховаг, хожим зөнч нь болж үйлчилсэн үеийнх шигээ тийм сайн мэддэггүй байжээ. Харин өсөж торниод, Еховатай ойр дотно харьцаатай болж, түүнийг үнэхээр сайн мэддэг болжээ (1 Самуел 3:19, 20).
7, 8. а) Библийн гүнзгий сургаалаас сүрдэх хэрэггүйн учир юу вэ? б) Бурхны Үгийн ямар ямар гүнзгий сургаалыг судлах нь ач холбогдолтой вэ?
7 Та Еховатай дотно танилцахын тулд түүнийг «таньж мэдэж» байдаг уу? Үүний тулд Еховагийн өгдөг сүнслэг хоолыг «хүсэх» хэрэгтэй (1 Петр 2:2). Библийн үндсэн сургаалыг мэддэгтээ сэтгэл ханаж болохгүй. Бурхны Үгийн гүнзгий сургаалыг ойлгодог болохын төлөө хичээх хэрэгтэй (Еврей 5:12–14). Тийм сургаалыг ойлгоход даанч хэцүү гэж та зүрхшээж байна уу? Тэгвэл Ехова бол таны «Багш» гэдгийг санаарай (Исаиа 30:20). Тэрээр гүнзгий үнэнийг ч төгс бус хүний ухаанд хэрхэн буулгахаа мэддэг. Түүнчлэн, зааж байгаа зүйлийг нь ойлгоё гэсэн таны чин сэтгэлийн идэвх зүтгэлийг заавал ивээнэ (Дуулал 25:4).
8 «Бурхны гүн юмсыг» ойлгодог эсэхээ мэдэхийн тулд өөрийгөө шалгаж үзвэл яасан юм бэ? (1 Коринт 2:10). Энэ бол шашин судлаачид болон лам хуврагуудын маргадаг шиг сонирхолгүй сэдэв биш ээ. Харин халамжит Эцгийнхээ зүрх сэтгэл, оюун ухааны тухай олон сонирхолтой зүйлийг мэдэж авах ач холбогдолтой, тустай сургаал юм. Жишээ нь: Золиос, «ариун нууц», түүнчлэн санаа зорилгоо биелүүлж, ард түмнээ ивээхийн төлөө байгуулсан олон янзын гэрээ болон үүнтэй төстэй сэдвийг судалж болно. Эдгээр сэдэв нь бие даан судалж, гүнзгий үзэхэд сонирхолтой бөгөөд ашиг тустай (1 Коринт 2:7, ШЕ).
9, 10. а) Биеэ тоох нь ямар аюултай вэ? Үүнээс зайлсхийхэд юу туслах вэ? б) Еховагийн тухай мэдлэгийн талаар бид яагаад даруу байх ёстой вэ?
9 Сүнслэг үнэнийг гүнзгий мэддэг болохын хэрээр, мэдлэг дагаад ирдэг нэг аюул буюу биеэ тоохоос болгоомжлох хэрэгтэй (1 Коринт 8:1). Биеэ тоох буюу бардамнах нь хүнийг Бурхнаас хөндийрүүлдэг аюултай (Сургаалт үгс 16:5; Иаков 4:6). Мэдлэгтэй гэж нэг ч хүн онгирч болохгүйг санах хэрэгтэй. Үүнийг тайлбарлахын тулд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтын тухай нэгэн номын оршилд юу гэж бичсэнийг авч үзье. Тэнд: «Бид хэдийчинээ ихийг мэднэ өчүүхэн бага мэдлэгтэй болохоо төдийчинээ ухаардаг. [...] Сурч мэдсэн маань сурах ёстой бүхэнтэй харьцуулахад юу ч биш» гэжээ. Ийм даруу зан үнэхээр аятайхан санагддаг. Тэгвэл мэдлэгийн хамгийн агуу цогц буюу Ехова Бурхны тухай мэдлэгийн хувьд бүр ч даруу байх шаардлагатай гэж хэлж болно. Ингэж хэлэхийн учир юу вэ?
10 Еховагийн тухай Библид юу гэсэн байдгийг үзэцгээе. «Таны бодлууд гүн гүнзгий юм» (Дуулал 92:5). «[Еховагийн] танин мэдэхүй хязгааргүй» (Дуулал 147:5, МБОХ, 1998). «[Еховагийн] ухаан нь хязгааргүй» (Исаиа 40:28). «Аяа, Бурхны мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ!» (Ром 11:33). Тэгэхээр бид Еховагийн тухай бүхнийг мэддэг болж хэзээ ч чадахгүй нь тодорхой байна (Номлогчийн үгс 3:11). Тэрээр бидэнд олон сайхан зүйл заасан. Гэлээ ч бидний өмнө мэдлэгийн хэмжээлшгүй булаг үргэлж байх болно. Ингээд бодохоор сэтгэл хөдлөхийн зэрэгцээ даруу байхаас өөр аргагүй биш үү? Олж авсан мэдлэгээ бусдаас дээгүүр гарахын төлөө бус, харин Еховад ойртохын тулд, мөн бусдад энэ талаар туслахын төлөө үргэлж ашиглацгаая (Матай 23:12; Лук 9:48).
Еховаг хайрладгаа харуулагтун
11, 12. а) Еховагийн тухай мэдлэг бидэнд хэрхэн нөлөөлөх учиртай вэ? б) Бурхныг жинхэнээр хайрладгаа яаж харуулах вэ?
11 Элч Паул мэдлэг хайр хоёрыг холбон тайлбарласан нь санамсаргүй хэрэг биш. Паул: «Та нарын хайр жинхэнэ [«нарийн зөв», ШЕ] мэдлэг ба бүх ойлгоцоор улам бүр бялхсаар байх болтугай гэж би залбирдаг» хэмээн бичжээ (Филиппой 1:9). Их мэддэг гэж биеэ тоохын оронд Ехова болон санаа зорилгынх нь тухай мэдсэн эрхэм үнэнээр тэнгэрийн Эцгээ хайрлах хайраа «бялхаах» нь зүйтэй.
12 Олон хүн Бурхныг хайрладаг гэдэг авч, үнэндээ бол тэгдэггүй. Бурхныг хайрладаг гэх оргилуун бодол нь чин сэтгэлийнх ч байж болно. Чин сэтгэл нарийн зөв мэдлэгтэй хосолдог бол сайнаар барахгүй бүр магтууштай хэрэг мөн. Гэхдээ мэдлэгтэй, чин сэтгэлтэй байх нь Бурхныг үнэхээр хайрладаг гэсэн үг бас биш ээ. Яагаад? Бурхны Үг жинхэнэ хайрыг хэрхэн тодорхойлдгийг үзье. «Түүний айлдваруудыг сахих явдал нь Бурхныг хайрлах хайр мөн» гэсэн байдаг (1 Иохан 5:3, МБОХ, 1996). Өөрөөр хэлбэл Еховаг жинхэнээр хайрлана гэдэг түүний хуулийг дуулгавартай сахин биелүүлж, ажил хэрэг болгоно гэсэн үг юм.
13. Еховаг хайрладгаа харуулхад Бурхнаас эмээхүй хэрхэн туслах вэ?
13 Еховад дуулгавартай байхад Бурхнаас эмээхүй тусална. Еховагийн туйлын ариун байдал, алдар суу, хүч чадал, шударга ёс, мэргэн ухаан, хайрын тухай мэдлэгт үндэслэн түүнийг таньж мэдсэнээр бид Еховаг гүнээ хүндэтгэж, түүнийг чин сэтгэлээсээ биширдэг болдог. Тийн эмээх нь Бурханд ойртоход шийдвэрлэх үүрэгтэй. Дуулал 25:14-т (ШЕ): «Еховагаас эмээдэг хүмүүс түүнтэй дотно харьцаатай байдаг» гэж бичжээ. Тиймээс хэрэв бид тэнгэрийн халамжит Эцгийнхээ таалалд нийцэхээ больчих вий гэж эрүүл саруулаар эмээдэг бол түүнд ойртож чадна. Хэрэв бид Бурхнаас эмээдэг бол Сургаалт үгс 3:6-ийн «Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд [«анхаар», ШЕ]. Тэр чиний замыг шулуун болгоно» гэсэн мэргэн зөвлөгөөг хүлээж авна. Энэ зөвлөгөө ямар утгатай вэ?
14, 15. а) Өдөр бүр ямар ямар шийдвэр гаргах хэрэгтэй болдог вэ? б) Шийдвэр гаргахдаа Бурхнаас эмээдгээ хэрхэн харуулж болох вэ?
14 Бид өдөр бүр том жижиг, янз бүрийн шийдвэр гаргадаг. Тухайлбал: Ажил, ангийн хамт олон, хөршүүдтэйгээ юуны тухай ярих вэ? (Лук 6:45). Авсан ажил үүргээ биелүүлэхийн тулд шаргуу ажиллах уу, эсвэл тэгс ингэс гэж байгаад болгох уу? (Колоссай 3:23). Еховаг бага зэрэг юм уу, огт хайрладаггүй хүмүүстэй ойр дотно харьцаатай болох уу? Эсвэл төлөвшсөн христиануудтай тогтоосон харьцаагаа батжуулах уу? (Сургаалт үгс 13:20). Бурхны Хаанчлалын үйл хэргийн төлөө бага ч гэсэн та юу хийх вэ? (Матай 6:33). Та өдөр тутам шийдвэр гаргахдаа дээр дурдсан Библийн зарчмуудыг баримталдаг бол Еховаг үнэхээр «бүх замаараа анхаардаг» гэсэн үг юм.
15 Үнэндээ, бид шийдвэр гаргах бүрдээ: «Ехова намайг юу хийгээсэй гэж хүсэж байгаа бол? Юу хийвэл түүнийг илүү их баярлуулах вэ?» гэсэн бодолтой байх ёстой (Сургаалт үгс 27:11). Ингэж Бурхнаас эмээдгээ харуулах нь Еховад хайраа илэрхийлэх шилдэг арга юм. Түүнчлэн Бурхнаас эмээх сэтгэл биднийг сүнслэг талаар, ёс суртахууны хувьд, бие махбодиор цэвэр байх хүсэл төрүүлдэг. Учир нь Иаков христиануудыг «Бурханд ойртогтун» гэж уриалахын зэрэгцээ «Нүгэлт хүмүүс, та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс, та нар зүрхээ ариусга» гэж анхааруулжээ (Иаков 4:8).
16. Еховад юу ч өглөө гэсэн бидний хэзээ ч хүрч чадахгүй юм юу вэ? Гэлээ ч Еховад өгснөөрөө юу харуулдаг вэ?
16 Еховаг хайрладгаа харуулна гэдэг муугаас зайлсхийгээд л боллоо гэсэн үг биш нь ойлгомжтой. Хайр сайныг үйлдэхэд хөтөлдөг. Жишээ нь, бид Еховагийн агуу өгөөмөр сэтгэлийг хэрхэн хариулдаг билээ? Иаков: «Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцгээс бууж ирдэг» гэж бичжээ (Иаков 1:17). Бид өөртөө байгаагаа Еховад өглөө гээд түүнийг баян болгодоггүй нь үнэн. Учир нь дэлхийн бүх баялаг, алив сайн сайхан бүхэн түүнийх билээ (Дуулал 50:12). Еховад цаг зав, хүч чадлаа зориулдаг маань түүний хангаж, хүч хүрэхгүй байгаа хэрэгцээг нь хангаж байгаа хэрэг биш ээ. Бид Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхээс татгалзлаа гэхэд тэр чулуунуудыг хашгируулж чадна! Тэгвэл Еховад эд баялаг, цаг зав, хүч чадлаа зориулаад байх хэрэг байгаа юм уу? Үүний гол учир нь бид түүнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрладгаа тийн харуулдаг юм (Марк 12:29, 30).
17. Еховад «баяртайгаар өгөх» сэтгэлийг юу төрүүлдэг вэ?
17 «Бурхан... баяртайгаар өгөгчийг хайрладаг» учир Еховад дуртайяа өгөх хэрэгтэй (2 Коринт 9:7, МАБ). «Хүн бүр ЭЗЭН Бурхныхаа өгсөн ивээлийн хэрээр, чадлынхаа хэрээр өргөгтүн» гэсэн Дэд хууль 16:17-гийн зарчим «баяртайгаар өгөхөд» тусалдаг. Ехова бидэнд хичнээн өгөөмөр ханддагийг бодохоор түүнд харамгүй өгөх хүсэл төрдөг. Энэ нь хайртай хүүхдийнх нь өчүүхэн бэлэг эцэг эхийг баярлуулдаг шиг л түүний зүрхийг баярлуулдаг. Хайраа ингэж харуулах нь Еховад ойртоход тус болно.
Залбирч, ойр дотно харьцаатай бологтун
18. Залбирлаа сайжруулахыг хичээх нь яагаад зөв бэ?
18 Бид ганцаарчлан залбирахдаа тэнгэрийн Эцэгтэйгээ аминчлан ярьж, сэтгэл зүрхээ уудлан нээх хосгүй завшаан эдэлдэг (Филиппой 4:6). Бурханд ойртоход залбирал амин чухал үүрэгтэй учраас яаж залбирдгаа эргэцүүлэн бодох нь зүйтэй. Залбирахдаа өгүүлбэрийн бүтцийг ягштал баримтлан, уран цэцэн үг урсгах нь гол биш, харин зүрхнээс гардаг чин сэтгэлийн үгээ хэлэх учиртай. Залбирлаа яаж сайжруулах вэ?
19, 20. Залбирахаасаа өмнө бодохын учир юу вэ? Ямар ямар асуултыг өөрөөсөө асуух нь зөв бэ?
19 Залбирахаасаа өмнө сайн бодох хэрэгтэй. Ингэснээр тодорхой бөгөөд утга учиртай залбирч, толгойд шууд орж ирсэн зүйл хэлэх юм уу, улиг болсон үг олон дахин давтахаас зайлсхийж болно (Сургаалт үгс 15:28, 29). Есүсийн жишээ үзүүлэн залбирахдаа дурдсан зүйлүүдийг эргэцүүлж, тэдгээр нь бидний нөхцөл байдалтай ямар холбоотойг бодож үзэх нь тустай байж болох юм (Матай 6:9–13). Жишээ нь, та өөрөөсөө: «Еховагийн хүсэл тааллыг дэлхий дээр биелүүлэх үйлсэд би бага боловч ямар хувь нэмэр оруулж болох вэ? Еховад аль болох үр дүнтэй үйлчлэхийг хүсдэгээ хэлж, ямар ч даалгавар өгсөн түүнийг нь биелүүлэхэд туслахыг гуйвал ямар вэ? Материаллаг хэрэгцээнийхээ төлөө хэт санаа зовж, дарамтад ордог уу? Ямар ямар нүглээ уучлуулж, хэнийг уучлах хэрэгтэй байгаа билээ? Би хорхой хүрэм ямар зүйлтэй тулгарч байна вэ? Үүнд Еховагийн хамгаалалт хичнээн чухал байдгийг ухаардаг уу?» гэх зэргийн асуулт асууж болох юм.
20 Түүнээс гадна, залбирахаасаа өмнө, Еховагаас тусламж авах зайлшгүй хэрэгтэй хүмүүсийн тухай бодож болно (2 Коринт 1:11). Бас Еховад талархахаа мартах учиргүй. Хэрэв сайн бодоод үзвэл сайхан сэтгэлийнх нь төлөө өдөр бүр Еховад талархаж, түүнийг магтан алдаршуулах олон шалтгаан байдаг (Дэд хууль 8:10; Лук 10:21). Энэ нь бас өөр нэг ач холбогдолтой. Юу гэвэл, бид амьдралыг өөдрөгөөр харж, талархах сэтгэл маань хөгждөг.
21. Еховад залбирахад Библийн ямар ямар жишээ тусладаг вэ?
21 Бие даан Библи уншиж, судлах нь залбирлаа сайжруулахад тус болдог. Үнэнч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гайхамшигтай сайхан залбирлыг Бурхны Үгэнд бичсэн байдаг. Жишээ нь, ямар нэг төвөгтэй асуудал үүсч, үүнд сэтгэл зовж, бидний болон ойр дотнын маань хүмүүсийн сайн сайханд аюул учруулбал, өш санасан ах Есавтайгаа уулзахаасаа өмнө Иаков хэрхэн залбирсныг уншиж болох юм (Эхлэл 32:9–12). Эсвэл сая орчим этиоп цэрэг Бурхны ард түмэн уруу дайран ирэхэд Аса хааны залбирсныг уншиж болно (Шастирын дэд 14:11, 12). Хэрэв Еховагийн нэрийг гутаах асуудал таныг зовоож байгаа бол Елиагийн Кармел уулан дээр, Баалыг шүтэгчдийн өмнө залбирсныг авч үзэх нь зүйтэй. Мөн Иерусалим харуусмаар болоод байсан талаар Нехемиагийн залбирсныг бас авч үзэж болно (Хаадын дээд 18:36, 37; Нехемиа 1:4–11). Иймэрхүү залбирлыг уншиж, эргэцүүлэн бодох нь итгэлийг бэхжүүлдэг бөгөөд сэтгэл зовоосон асуудлаа яаж Еховад хэлж болох санаа өгдөг.
22. 2003 оны уриа юу вэ? 2003 онд бид өөрсдөөсөө юун тухай тогтмол асууж болох вэ?
22 «Бурханд ойртогтун» гэсэн Иаковын зөвлөгөөг дагахаас илүү нэр төртэй хэрэг, эрхэм зорилго гэж байхгүй билээ (Иаков 4:8). Бурхны тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, түүнийг хайрладгаа улам их харуулан, залбирлаар дамжуулан түүнтэй тогтоосон ойр дотно харьцаагаа хөгжүүлэн тэр зөвлөгөөг биелүүлцгээе. Ирэх 2003 оны турш Иаков 4:8 буюу оны уриаг үргэлж санаж, Еховад үнэхээр ойртож байгаа эсэхээ тогтмол шалгацгаая. Энэ урианы сүүлийн хэсгийг хэрхэн ойлгох вэ? Ехова «та нарт ойртоно» гэж юу гэсэн үг вэ? Ямар ивээл авчрах вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай үзнэ.
Санаж байна уу?
• Еховад ойртохыг чухалчлан авч үзэхийн учир юу вэ?
• Еховаг «таньж мэдэхдээ» өмнөө ямар ямар зорилго тавьж болох вэ?
• Еховаг үнэхээр хайрладгаа хэрхэн харуулах вэ?
• Залбирлаар дамжуулан Еховатай ойр дотно харьцаа тогтооход юу туслах вэ?
[Догол мөрийн асуулт]
[13-р хуудасны товчлол]
2003 оны уриа: «Бурханд ойртогтун. Тэгвэл тэр та нарт ойртоно» (Иаков 4:8).