Гүйцэд болж, төгс зогсогтун
Гүйцэд болж, төгс зогсогтун
«[«Эцэстээ», ШЕ] Бурхны бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна» (КОЛОССАЙ 4:12).
1, 2. а) Эртний христиануудын талаар хөндлөнгийн хүмүүс юу хэлж байсан бэ? б) «Колоссай» номоос бусдын төлөө тавьж байсан хайр халамж хэрхэн харагддаг вэ?
ЕСҮСИЙН дагалдагчид итгэл нэгтнүүддээ онцгой санаа тавьдаг байсан. Өнчин, ядуу, настай хүмүүст тэд хэрхэн сайхан сэтгэлээр ханддаг байсныг Тертуллиан (МЭ II—III зуунд амьдарч байсан зохиолч) бичсэн байдаг. Хайрын энэхүү жишээ нь үл итгэгч хүмүүсийг «Тэднийг бие биеэ яаж хайрладгийг хараач» гэж хэлэх хүртэл нь сэтгэлийг нь хөнджээ.
2 «Колоссай» номоос Колоссайн христиануудын төлөө элч Паул болон түүний хамтран зүтгэгч Епафр хичнээн их хайр халамж илэрхийлж байсан нь харагддаг. Паул тэдэнд: «[«Эцэстээ», ШЕ] Бурхны бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна» гэж бичжээ. «Бурхны бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсогтун» гэсэн Колоссай 4:12-р зүйлд Еховагийн Гэрчүүдийн 2001 оны сэдэв үндэслэсэн юм.
3. Епафр залбирахдаа ямар хоёр санаа илэрхийлсэн бэ?
3 Хайртай дотно хүмүүсийнхээ төлөө залбирсан Епафрын залбиралд хоёр санаа байгаа нь харагддаг. Үүнд тэд: 1) «Эцэстээ... гүйцэд болж... зогсох»; 2) «Бурхны бүх хүсэл дотор... төгс зогсох» явдал юм. Бидний тусын тулд энэхүү мэдээллийг Ариун Сударт оруулжээ. Тийм учраас та өөрөөсөө: «„Бурхны бүх хүсэл дотор гүйцэд болж, төгс зогсохын“ тулд би юу хийх хэрэгтэй вэ? Үр дүн нь юу байх вэ?» гэж асуугаарай. Эдгээр асуултыг авч үзье.
«Гүйцэд болж... зогсохыг» эрмэлзэгтүн
4. Колоссайн христианууд ямар утгаар «гүйцэд болох» хэрэгтэй байсан бэ?
4 Епафр Колоссайн сүнслэг ах дүүсээ «эцэстээ... гүйцэд болж... зогсоосой» гэж маш их хүсэж байжээ. Энд Паулын ашигласан «гүйцэд болох» гэдэг үг төгс болох буюу төлөвших гэсэн утгатай байж болох юм (Матай 19:21; Еврей 5:14; Иаков 1:4, 25). Хүн баптисм хүртэн, Еховагийн Гэрч болсноороо боловсорсон христиан болчихож байгаа юм биш гэдгийг та мэдэж байгаа. Паул Колоссайгаас баруун тийш байдаг Ефес хотын христиануудад захидал бичиж, хоньчид болоод багш нарыг нь «бүгд итгэл хийгээд Бурхны Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл» туслахыг уриалжээ. Өөр нэг захидалдаа Паул христиануудыг «ухаанаараа төлөвшсөн хүн байхыг» шаардсан (Ефес 4:8–13; 1 Коринт 14:20).
5. Сүнслэг талаараа «гүйцэд болохыг» хэрхэн гол зорилгоо болгох вэ?
5 Хэрэв Колоссайн христиануудын зарим нь сүнслэг талаараа төлөвшөөгүй бол энэ талаар зорилт тавин ажиллах хэрэгтэй байлаа. Өнөөдөр ч гэсэн тийм байх ёсгүй гэж үү? Баптисм хүртээд хэдэн арван жил болж байгаа, эсвэл саяхан баптисм хүртсэн гэдгийн алинаас нь ч үл хамааран эргэцүүлэн бодох чадвар хийгээд үзэл бодол маань сайжирч, дээшилсэн үү? Шийдвэр гаргахдаа бид Библийн зарчмуудыг тооцдог уу? Бурхан болон хуралтай холбоотой асуудлууд бидний хувьд яваандаа улам илүү ач холбогдолтой болж, хоёрдугаар зэргийн асуудал байхаа больсон уу? Энэ өгүүллийн хүрээнд сүнслэг талаараа «гүйцэд болж» өсөхөд шаардлагатай бүх арга замыг авч үзэх боломжгүй хэдий ч хоёр жишээн дээр анхаарлаа хандуулъя.
6. Ехова шиг төгс байхын тулд сайжруулж хөгжүүлэх ямар зан хүнд байдаг вэ?
6 Эхний жишээ: Бид өөр арьс өнгөтэй, өөр үндэсний болон өөр нутгийн хүмүүсийн талаар атгаг санаа, дайсагнах үзэл бодлын уур амьсгалын дунд өсжээ гээд бодоод үзье. Бурхан нүүр тал хардаггүй гэдгийг мэддэг учраас бид ч мөн адил нүүр тал хардаггүй байх ёстой (Үйлс 10:14, 15, 34, 35). Манай хурал буюу дүүрэгт өөр арьс өнгө, үндэстний төлөөлөгч байдаг бөгөөд бид тэдэнтэй мөр зэрэгцэн аж төрдөг ажээ. Тэгвэл бид тийм хүмүүсийн талаар сэтгэлийнхээ гүнд сөрөг санаа хадгалах буюу хар санаж явах уу? Хэрэв тэднээс хэн нэг нь алдаа гаргах юм уу биднийг гомдоовол хөнгөн хуумгай дүгнэлт гарган, тэдэнд муу санадаг уу? Бурхан шиг, нүүр тал хардаггүй байхын тулд би сайжрах хэрэгтэй юү? гэж өөрөөсөө асууж үзээрэй.
7. «Гүйцэд болсон» христиан хүн болохын тулд бусадтай харьцахдаа юуг анхааран хөгжүүлэх хэрэгтэй вэ?
7 Дараагийн жишээ: Филиппой 2:3-т бичсэнээр бид «юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар хийхгүй, харин даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэх» ёстой. Энэ талаар бид ахиц дэвшил гаргасан уу? Хүн болгонд сайн тал хийгээд дутагдал байдаг. Хэрэв бид урьд нь юуны түрүүнд бусдын дутагдлыг анзаардаг байсан бол одоо хүмүүсээс «төгс» байдлыг шаардахаа больж, өөрчлөгдөн сайжирсан уу? (Иаков 3:2). Урьд үетэйгээ харьцуулбал одоо бид бусад хүн надаас юугаараа илүү вэ гэдгийг дандаа хардаг буюу харахыг хичээдэг болсон уу? «Энэ эгч намайг бодвол илүү тэвчээртэйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй». «Тэр ахын итгэл минийхээс илүү бат юм». «Чин үнэнийг хэлэхэд тэр, багшийн хувьд надаас илүү». «Тэр эгч биеэ сайн барьдаг». Колоссайн христиануудаас хэн нэг нь энэ асуудлаар сайжрах шаардлагатай байсан байж болох юм. Харин бидний хувьд ямар вэ?
8, 9. а) Епафрын залбирсанаар бол Колоссайн христианууд «гүйцэд болж... зогсох» нь юу гэсэн үг вэ? б) «Гүйцэд болж... зогсох» нь ирээдүйтэй ямар холбоотой вэ?
8 Епафр колссайчуудыг «гүйцэд болж... зогсохыг» хүсэн залбирсан. Өөрөөр хэлбэл тэднийг «гүйцэд болж», төлөвшсөн тэр хэмжээнд нь «зогсоох» буюу байлгахыг Бурхнаас гуйсан.
9 Христиан болсон хүн болгоныг, тэр байтугай «гүйцэд болж», төлөвшсөн христиан хүнийг хүртэл тэр чигтээ христиан байгаад байна гэж баттай итгэх аргаггүй. Бурхны нэгэн тэнгэр элч хүү нь хүртэл «үнэн дотор зогсож» чадаагүйг Есүс хэлсэн (Иохан 8:44). Мөн тодорхой хугацаагаар Еховад үйлчилж байгаад хожим нь больсон хүмүүсийн талаар Паул Коринт хотын христиануудад сануулсан. Паул тослогдсон христиануудад: «Өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг» хэмээн анхааруулсан (1 Коринт 10:12). Энэ нь Колоссайн христиануудыг «эцэстээ... гүйцэд болж... зогсохыг» хүссэн залбиралд нэмэлт хүч болсон. Тэд нэгэнт «гүйцэд болж», төлөвшсөн учраас тэр чигтээ байх хэрэгтэй байсан бөгөөд гуйвж, суларч, мохож болохгүй байлаа (Еврей 2:1; 3:12; 6:6; 10:39; 12:25). Тийнхүү тэд «ирэх өдөр» «гүйцэд болж», «эцэстээ» Бурхны сайшаалыг хүртэх юм (2 Коринт 5:10; 1 Петр 2:12).
10, 11. а) Епафр залбирахтай холбоотой ямар жишээ үзүүлсэн бэ? б) Епафрын залбирал таныг ямар шийдвэр гаргахад хүргэдэг вэ?
10 Бусад хүмүүсийн төлөө нэрийг нь дурдан, тодорхой тусламж үзүүлж, тайвшруулан ивээж, ариун сүнсээ өгөхийг гуйн Еховад хандан залбирахын хичнээн чухал болохыг бид дээр ярилцсан. Колоссайн христиануудын төлөө залбирсан Епафрын залбирал чухамдаа тийм байлаа. Мөн түүний залбирлаас бид өөрийнхөө төлөө залбирахдаа юу хэлэх талаар үнэтэй зөвлөгөө байгааг олж харж болно. «Эцэстээ... гүйцэд болж... зогсоход» шаардлагатай тусламжийг Еховагаас гуйх хэрэгтэй нь ямар ч маргаангүй зүйл ээ. Та тийм тусламж гуйн залбирдаг уу?
11 Сүнслэг байдлынхаа талаар Еховад хэлж болохгүй нь юу билээ? «Гүйцэд болж», төлөвших талаар ямар ахиц дэвшилд хүрсэн тухайгаа Бурханд хэлээрэй. Сүнслэг талаараа өсөх шаардлагатай байгаа асуудлаа олж тогтооход туслахыг гуйгаарай (Дуулал 17:3; 139:23, 24). Танд тийм асуудал байгаа нь мэдээж хэрэг. Тийм юм байна гээд шантрах хэрэггүй, харин түүний оронд тэр талаараа өсөж сайжрахад туслахыг гуйх хэрэгтэй. Ингэж олон дахин гуйгаарай. Үнэндээ, та ирэх долоо хоногоос «эцэстээ... гүйцэд болж... зогсох» талаар залбирахаар шийдэж болохгүй нь юу билээ? Жилийн сэдэвт анхаарлаа төвлөрүүлэн, дээрх асуудлаар үргэлжлүүлэн залбирахаар төлөвлөөрэй. Та залбирлаа Бурхны замаас гуйвуулж, түүнд үйлчлэх эрч хүчийг сулруулж, мохоож болох зүйлд хандуулан төвлөрүүлэхийн зэрэгцээ энэ бүхнээс хэрхэн зайлсхийх арга зам зааж өгөхийг гуйгаарай (Ефес 6:11, 13, 14, 18).
Бат итгэлтэй болохын төлөө залбирагтун
12. Ялангуяа Колоссайн христианууд «бат итгэлтэй байх» шаардлагатай байсны учир юу вэ?
12 Епафр бас өөр нэгэн зүйлийн талаар залбирсан бөгөөд энэ нь Колоссайн христиануудыг «эцэстээ» Бурханд тааламжтайгаар «зогсоход» нь чухал шаардлагатай байсан юм. Энэ зүйл бидний хувьд ч тэднээс дутуугүй шаардлагатай байдаг. Энэ нь чухам юу байсан бэ? Епафр тэднийг «Бурхны бүх хүсэл дотор... төгс зогсохыг» хүсэн залбирсан. (Шинэ Ертөнцийн орчуулгад «төгс зогсох» гэдэг хэллэгийг «бат итгэлтэй байж зогсох» гэж орчуулжээ.) Тэднийг тэрс үзэл болоод гүн ухааны хөнөөлтэй сургаалууд хүрээлж байсан бөгөөд тэдний зарим нь гаднаас нь харахад зөв сургаал мэт санагддаг байв. Жишээ нь: Тэд тусгай өдөр мацаг барих юм уу найр хурим хийдэг байсан еврейн шашны ёс жаягийг дагах шахалтад орж байлаа. Мосед хууль дамжуулан өгсөн хүчирхэг сүнс болох тэнгэр элчүүдэд хуурамч багш нар онцгой анхаарал хандуулдаг байв. Тийм дарамтанд орлоо гээд төсөөлөөд үз дээ! Зөрчилтэй олон үзэл бодол байсан нь толгой эргүүлэх хүчин зүйл болж байлаа (Галат 3:19; Колоссай 2:8, 16–18).
13. Ямар юмыг ойлгох нь колоссайчуудад тус болох байсан бэ? Үүнийг ойлгох нь бидэнд яаж туслах вэ?
13 Паул Есүс Христийн үүргийг цохон тэмдэглэж, эдгээр үзэл бодлыг эсэргүүцсэн. «Та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, заалгаж байснаараа Түүн дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгааж». Тийм ээ, Бурхны санаа зорилго хийгээд Колоссайн христиануудын амийн тухайд Христ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт тэд бүрэн итгэх хэрэгтэй байлаа. Энэ нь бидний хувьд ч мөн адил хамаатай юм. Паул: «Бүх Бурханлаг бүрэн дүүрэн нь Түүн дотор биет хэлбэрээр оршдог юм. Түүн дотор та нар төгс болгогдсон. Тэр бол бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн нь мөн» гэж тайлбарласан (Колоссай 2:6–10).
14. Колоссайн христиануудын найдвар нь тэдний хувьд ямар учраас бодитой байсан бэ?
14 Колоссайн христианууд ариун сүнсээр тослогдсон хүмүүс байв. Тэд тэнгэрт амьдрах бүрэн найдвартай байсан бөгөөд үүнийгээ арчлан хадгалах ноцтой шалтгаан байсан юм (Колоссай 1:5). Тэд найдвартаа «бат итгэлтэй байх» нь «Бурхны хүсэл» байв. Энэхүү найдварт эргэлзэх шалтгаан байсан уу? Байгаагүй ээ! Тэгвэл өнөөдөр Бурхны амласан диваажин дэлхий дээр амьдрах ирээдүйдээ эргэлзэх үндэс байна уу? Бас л үгүй! Энэхүү бодит найдвар бол «Бурхны хүслийн» салшгүй хэсэг нь юм. Хэрэв та «үлэмж их зовлонг» эсэн мэнд давах «үй олон хүний» дунд байхыг хичээн эрмэлзэж байгаа бол: «Миний найдвар аль хир бодитой вэ?» гэдэг асуултад хариулахыг хичээгээрэй (Илчлэлт 7:9, 14). Энэ бол «Бурхны бүх хүслийн дагуу бат итгэлийн» (ШЕ) тань салшгүй хэсэг мөн үү?
15. Найдварыг багтаадаг ямар санаануудыг Паул дурдсан бэ?
15 «Найдвар» бол ямар нэгэн тодорхойгүй хүсэл буюу хий хоосон мөрөөдөл биш. Энэ нь Ром хотын христиануудад илгээсэн захидалдаа илэрхийлсэн Паулын санаануудаас харагддаг. Санаа болгон нь дараа дараагийнхаа санаатай холбоотой байдаг. Тэнд «найдвар» ямар байр суурь эзэлсэн байна вэ гэдэгт анхаарлаа хандуулъя: «[Бид] зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээрийг, тэвчээр нь туршлагатай байхыг [«таалалт байдал», ШЕ], туршлагатай байх [«таалалт байдал», ШЕ] нь найдварыг төрүүлдэг. Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурхны хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг» (Ром 5:3–5).
16. Та Библийн үнэнийг мэдсэнээр ямар найдвартай болсон бэ?
16 Библид бичсэн зүйлийн талаар Еховагийн Гэрчүүд тантай анх ярилцахад нас барсан хүний байдал ч юм уу, аль эсвэл дахин амилалтын тухай зэрэг аль нэг тодорхой үнэн анхаарлыг тань татсан байж магадгүй. Олон хүний хувьд Библид бичсэн Диваажинд амьдрах боломжийн тухай ойлголт гайхлыг нь төрүүлдэг. Энэ сургаалын талаар анх сонссон үеэ эргэн санаарай. Хүн өвчин тусч, хөгшрөхөө болино; хүн бүр хөдөлмөрийнхөө үр шимийг амсан, аз жаргалаар дүүрэн амьдарна; амьтан хүн хоёрын хооронд аюулгүй, тайван харьцаа тогтоно. Ямар гайхалтай сайхан найдвар вэ! (Номлогчийн үгс 9:5, 10; Исаиа 65:17–25; Иохан 5:28, 29; Илчлэлт 21:3, 4). Тийм ээ, та гайхамшигтай найдвартай болжээ!
17, 18. а) Ромчуудад илгээсэн захидалдаа Паулын илэрхийлсэн санаанууд найдвар уруу хэрхэн хөтлөн аваачдаг вэ? б) Паул Ром 5:4, 5-д ямар найдварын талаар бичсэн бэ? Танд тийм найдвар бий юү?
17 Тодорхой хугацааны дараа та эсэргүүцэл юм уу мөрдлөг хавчлагатай тулгарсан байж болох юм (Матай 10:34–39; 24:9). Тэр ч байтугай тун саяхан хэд хэдэн газар Еховагийн Гэрчүүдийн орон гэрийг тонон дээрэмдсэнээс болоод тэд дүрвэн дайжихад хүрсэн байна. Тэдний зарим нь дайралтад өртөж, Библийн ном хэвлэлээ хураалгасан ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Гэрчүүдийн талаар худал мэдээ тараасан байна. Ямар ч хэлбэрийн мөрдлөг хавчлагатай тулгарч, гай гамшиг тохиолдлоо гэхэд таны хувьд Ром 5:3-т бичсэнээр баярлах шалтгаан байгаа ба энэ нь сайн үр жимс авчрах болно. Паулын бичсэнээр бол гай гамшиг нь тэвчээрийг бий болгодог ажээ. Тэвчээр нь «таалалт байдалд» (ШЕ) хүргэдэг. Та зөв юм хийж байгаагаа, Бурхны хүслийг биелүүлж байгаагаа, түүний таалалд итгэлтэйгээр багтсанаа мэддэг. Паулын бичсэнээр та «таалалт байдалд» байгаагаа мэдэрсэн. Цааш нь Паул «таалалт байдал найдварыг төрүүлдэг» (ШЕ) гэж бичсэн. Паул «найдварыг» санаануудынхаа хамгийн сүүлд оруулсан нь хачин санагдаж болох юм. Анх сайн мэдээ сонссон даруйдаа л танд найдвар төрөөгүй гэж үү?
18 Энд Паул бидний анх эхлээд мэдэрсэн тэр төгс амийн найдварын тухай хэлээгүй нь тодорхой. Харин ажил хэрэгт хүчтэйгээр түлхэн оруулдаг илүү гүн мэдрэмжийн талаар хэлжээ. Бэрхшээлийг тэвчин тэсвэрлэхдээ бид Бурхан үүнийг таалдгийг ойлгодог бөгөөд энэ нь анхны маань найдварыг мэдэгдэхүйц бэхжүүлдэг. Тэгээд уг найдвар илүү бодитой, бат бэх бөгөөд өөрийн болдог. Энэхүү илүү үндэс бүхий найдвар хурцаар гэрэлтдэг. Бидний бүхий л амь, амьдралд нэвчдэг. «Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурхны хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг».
19. Залбирахдаа найдварын талаар юу хэлж болох вэ?
19 Епафр Колоссайн ах дүүсээ ирээдүйдээ санаа нь зовсон хэвээрээ байж, цаашид «Бурхны бүх хүслийн дагуу... бат итгэлтэй байх» (ШЕ) шаардлагатайд эргэлзэхгүй байхыг хүсэн, шаргуу залбирсан. Бид ч гэсэн найдварынхаа талаар Бурханд байнга залбирч байя. Залбирахдаа шинэ ертөнцийн талаарх найдвараа хэлж байгаарай. Шинэ ертөнц бий болно гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүйгээр, тэсэж ядан хүлээж байгаагаа Ехова Бурхандаа илэрхийлэн хэлж байгаарай. Итгэл найдвараа гүнзгийрүүлж, нэмэгдүүлэхэд туслахыг Еховагаас гуйгаарай. Епафр Колоссайн христиануудыг «Бурхны бүх хүслийн дагуу... бат итгэлтэй байхыг» гуйн залбирч байсан шиг бид ч мөн тийн залбирч байя. Аль болохоор тогтмол залбирч байя.
20. Зарим хүнийг үнэний замаа орхисноос нь болоод итгэл алдрах ёсгүйн учир юу вэ?
20 Бүх хүн «гүйцэд болж, төгс зогсож» чадаагүйн төлөө санаагаар унах юм уу итгэл алдрах хэрэггүй. Зарим нэг хүн алдаж эндэн, христиан хүний замаас гарах юм уу, эсвэл зүгээр буугаад өгч болох л доо. Тийм юм Есүсийн ойр дотныхон болох элч нарынх нь дунд тохиолдсон билээ. Гэвч Иудасыг урвахад бусад элчийн идэвх сулрах буюу үйлчлэхээ больсон уу? Үгүй ээ! Иудасын орыг өөр нэгэн эзлэх ёстойг үзүүлэхийн тулд Петр Дуулал 109:8-ыг иш татсан. Орных нь хүнийг сонгосон бөгөөд Бурханд чин үнэнч тэд өөрсдөд нь даалгасан дэлгэрүүлэх ажилд идэвх чармайлттайгаар орсон (Үйлс 1:15–26). Тэд «гүйцэд болж, төгс зогсохоор» хатуу шийдсэн байв.
21, 22. «Гүйцэд болж, төгс зогсож» байгаа маань анзаарагдахгүй өнгөрөхгүй гэдэг нь ямар утгатай вэ?
21 Хэрэв та «Бурхны бүх хүслийн дотор... гүйцэд болж, төгс зогсож» байгаа бол энэ нь заавал мэдэгдэх ёстой гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байж болно. Үүнийг ажиглан харж, үнэлж байдаг. Хэн тэр вэ?
22 Жишээ нь: Таныг мэддэг бөгөөд хайрладаг итгэл нэгтнүүд харж, үнэлдэг. Тэдний ихэнх нь үүнийг үгээрээ илэрхийлдэггүй юмаа гэхэд 1 Тесалоник 1:2–6-д: «Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархал өргөдөг. Ингэхдээ та нарыг залбиралдаа дурсан, бид өөрсдийн Бурхан ба Эцгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг. ...Бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр очоогүй, мөн хүч ба Ариун Сүнс дотор бүрэн баталгаагаар очсон юм. ...Та нар үлэмж зовлон гамшиг дотор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээн аван биднийг болон Эзнийг дуурайгчид болсон» хэмээн бичсэн энэ үгийг өөрийн биеэр амсах болно. «Бурхны бүх хүслийн дотор... гүйцэд болж, төгс зогсож» байгааг тань бусад үнэнч христианууд хараад дээрхийн адил мэдрэх болно (Колоссай 1:23).
23. Ирж байгаа жил бид ямар зорилго тавих ёстой вэ?
23 Мөн тэнгэрийн Эцэг маань та нарын хүчин чармайлтыг харж, баярлах нь эргэлзээгүй. Үүнд бүрэн итгэлтэй байж болно. Яагаад? Яагаад гэвэл та «Бурхны бүх хүслийн дотор» гүйцэд болж, төгс зогсож байгаа. Паул Колоссайн христиануудад Еховад «зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдах» тухай урам хайрласан үг бичсэн (Колоссай 1:10). Тийм ээ, төгс бус хүмүүс Еховад бүх талаар таалагдах бүрэн боломжтой. Колоссайн ах дүүс маань тийн таалагдсан. Бидний эргэн тойронд байгаа христианууд ч өнөөдөр мөн тэгдэг. Та ч бас тэгж чадна! Тэгэхлээр ирж байгаа жилд өдөр бүрийнхээ залбирлаар болон бүхий л үйл ажиллагаагаараа «[«Эцэстээ», ШЕ] Бурхны бүх хүслийн дотор... гүйцэд болж, төгс зогсох» шийдвэр төгс байгаагаа харуулцгаая.
Та санаж байна уу?
• «Гүйцэд болж... зогсоход» юу хэрэгтэй вэ?
• Залбирахдаа өөрийнхөө талаар юу хэлэх хэрэгтэй вэ?
• Ром 5:4, 5-д бичсэнээр бид ямар найдвартай байх ёстой вэ?
• Энэ өгүүллийг судалснаар та дараагийн жил ямар зорилго тавихад хүрсэн бэ?
[Догол мөрийн асуулт]