Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 93

Есүс олон хүнийг хооллосон нь

Есүс олон хүнийг хооллосон нь

АЙМШИГТ явдал болов. Дөнгөж сая Баптисм хүртээгч Иоханыг алчихлаа. Хааны эхнэр Херодиа түүнд дургүй байжээ. Тэгээд Иоханы толгойг хаанаар авахуулж чаджээ.

Есүс үүнийг сонсоод, маш их гашуудаж, зэлүүд газар уруу ганцаараа явлаа. Гэтэл үй олон хүн түүнийг дагав. Есүс тэднийг хараад, ихэд өрөвдлөө. Тэгээд тэдэнд Бурхны Хаанчлалын тухай ярьж, өвчтэй нэгнийг нь эдгээв.

Тэр үдэш Есүсийн шавь нар ирээд: «Орой болчихжээ. Энэ газар хүн амьтангүй зэлүүд юм. Хүмүүсийг тараан явуулаач. Тэгвэл тэд ойр хавийн гацаанаас өөрсдөдөө хоол хүнс худалдан авна шүү дээ» гэв.

Есүс: «Тэднийг явуулах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг» гэж хариулаад, Филипээс: «Энэ бүх хүнд хүрэлцэх хоол хүнс хаанаас худалдан авч болох вэ?» гэж асуув.

Филип: «Хүн бүрд жаахан жаахан юм авахад л маш их мөнгө хэрэг болно» гэж хариулав. Андрей: «Энэ хүүд таван талх, хоёр загас л байна. Тэглээ гээд ийм олон хүнд хүрэлцэхгүй шүү дээ» гэлээ.

«Хүмүүсийг зүлгэн дээр суулга» гэж Есүс хэлэв. Тэгээд хоол өгсөнд нь Бурханд талархаад, талхаа хэсэглэн хуваав. Дараа нь шавь нар нь талх, загасыг бүх хүнд өглөө. Тэнд 5 000 эрэгтэй, өөр олон мянган хүүхэд, эмэгтэйчүүд байлаа. Бүгд цадталаа иджээ. Шавь нар хоолны үлдэгдлийг цуглуулахад 12 сагс дүүрсэн байлаа!

Есүс шавь нараа Галилын тэнгисийг гатлуулахаар завинд суулгав. Шөнө хүчтэй шуурга дэгдэж, тэнгисийн давалгаа завийг ийш тийш нь шидэж байлаа. Шавь нар маш их айжээ. Тэгтэл шөнө дундын хирд нэг хүн өөрсдийг нь чиглээд, усан дээгүүр явж байхыг тэд харлаа. Тэд юу харж байгаагаа ойлгохгүй байсан тул айсандаа хашгиралдав.

«Айсны хэрэггүй. Би байна!» гэж Есүс хэллээ. Гэсэн ч тэд итгэж чадахгүй байв. Петр: «Эзэн минь, үнэхээр та мөн юм бол усны мандал дээгүүр алхаж, тань уруу очихыг надад тушаагаач» гэлээ. Есүс хариуд нь: «Ир!» гэв. Тэгэхэд нь Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлаа! Гэнэт тэр айн, живж эхэлсэн боловч Есүс аврав.

Хожим нь Есүс олон мянган хүнийг дахин хоолложээ. Энэ удаад долоон талх, цөөхөн жижиг загасаар хооллосон юм. Тэгэхэд ч бас хоол хүнс бүх хүнд хүрчээ. Есүс хүмүүст тэгж их санаа тавьдаг нь гайхалтай биш гэж үү? Түүнийг Бурхны томилсон Хаан болж захирах үед бид хэзээ ч, юунд ч санаа зовохгүй болно!